Хятадын тэрбумтан сэлфи хийж байгаад амиа алджээ

2018-07-05 05:16   
Хуваалцах Жиргэх

Хятадын томоохон бизнесийн бүлэг HNA Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ван Жянь Францын Провонс мужид аялж явахдаа гэрэл зураг авхуулах гэж байгаад 15 метр өндөр ханан хаднаас унаж амиа алджээ.

57 настай тэрбумтан тэнцвэр алдаж унасан, гадны ямар нэг нөлөө байгаагүйг Францын орон нутгийн цагдаагийн газар баталсан байна. Ван өөр дөрвөн хүн болон газарчийн хамт явж байсан бөгөөд болсон явдлын талаар цагдаагийн газар Марсель дахь Хятадын консулын газарт өчигдөр мэдэгджээ.

Үүний дараа HNA группын хамтран үүсгэн байгуулагч Чэн Фэнь, гүйцэтгэх захирал Адам Тан нар англи хэл дээр мэдэгдэл гаргаж, талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн юм. HNA групп нь Хятадын өмнө зүгийн Хайнань арлын Hainan Airlines агаарын тээврийн компанийн үндсэн дээр бизнесээ эхэлж, одоо санхүү, үл хөдлөх хөрөнгийн гээд олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, $230 тэрбумын хөрөнгөтэй, 400,000 ажилтантай дэлхийн хэмжээний томоохон компани болжээ.

Тэд сүүлийн жилүүдэдд хилийн чанадад маш их хүрээгээ тэлсэн бөгөөд Германы Deutsche Bank, АНУ-ын зочид буудлын Hilton группын томоохон хувийг худалдан авч байжээ. Гэвч сүүлийн үед Бээжингийн эрх баригчид гадаад зах зээл рүү урсах хөрөнгийг хязгаарлах болсны үр дүнд зарим гадаад эзэмшлээ зарж, дотоодын өрөө хаах болсон байна.

Компанийн дотоод эх сурвалжийн мэдээлснээр Ван Жянь нь HNA группын бизнесийн гол бодлогыг явуулж, Чэн Фэнь нь гадна талд нүүр царай болдог байжээ. Тус группыг анх үүсгэн байгуулахад хөрөнгө оруулсан 12 этгээдийн тохиролцоо ёсоор хэн нэг нь цаг бусаар амиа алдвал хөрөнгийг нь Хайнань Цихан буяны санд хуваарилах ёстой гэнэ.

 

Эх сурвалж: BBC


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх