“Монгол-Оросын Санаачилга 2018”

2018-06-08 06:31   
Хуваалцах Жиргэх

“Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн санаачилгаар “Монгол Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт” өнөөдөр буюу 6 дугаар сарын 8-ны өдөр  Шангри Ла зочид буудалд болж байна. Тус уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Оросын парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан, ОХУ-ын Монгол дахь Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев нар нээж үг хэллээ.

Уулзалтын үдээс өмнөх хурлаар Монгол Улсын Засгийн газрын 3 тулгуурт хөгжлийн бодлого, төсөлд суурилсан хөрөнгө оруулалтын орчин, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын боломж, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг танилцуулж, Олон улсын хөгжлийн банкуудын экспортыг дэмжих боломж, ОХУ-ын Экспортын төв, Орос-Монголын гадаад эдийн засгийн төслүүдийг дэмжих санхүүгийн хэрэгслүүд, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн хууль эрх зүйн зохицуулалт,  хоёр улсын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл хэлэлцүүлэн хоёр улсын банк санхүүгийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Монгол Улс дахь төсөлд суурилсан хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт илтгэл тавив.

Хуралдааны үеэр 2 улсын банк санхүүгийн байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк болон Внешэконом банкны хооронд “Санхүүжилтийн гэрээ” –нд зурсан бол Ди Би Эм Лизинг ХХК болон Внешэконом банкны хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” үзэглэлээ.

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк болон Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагааны банкны хооронд “Бүх талт хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан бол Голомт банк, Олон Улсын Эдийн Засгийн Хамтын ажиллагааны банк хооронд “Хамтын ажиллагааны гэрээ”гарын үсэг зурлаа. Үдээс хойшхи хуралдаанаар Эрчим хүчний цогцолбор байгуулах гурван төслийн танилцуулга, Нүүрснээс химийн бодис гарган авах үйлдвэрийн төслийн танилцуулга, Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн төслийн танилцуулга илтгэлийг тус тус хэлэлцүүлж харилцан санал солилцов.

“Монгол Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк

хоорондын дугуй ширээний гуравдугаар уулзалт”-ын үр дүнд 2 тал хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа, банк хоорондын цаашдын хамтын ажиллагааг улам илүү өндөр түвшинд гаргах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог болохыг оролцогчид дүгнэн хэлэлцлээ.

Хуралдааныг Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар удирдан явууллаа.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх