П.Баасанбямба: Амьдрал бол тайз, тэр тайзан дээрх сайн жүжигчдийг багш төрүүлдэг

2018-05-15 02:21   
Хуваалцах Жиргэх

Бидний хэлж сурснаар олонд танигдаж, “од” болоогүй ч гэсэн орчин тойрныхоо хүмүүст тус болж, өөрийн жинхэнэ хүч, хөдөлмөрөөрөө нийгэмд орон зай, байраа сууриа тунхаглан яваа олон мундаг залуус манайд бий. Тэдгээр баялаг бүтээгчид, эгэл жирийн ажилчин ангийн гишүүн, итгэл, зүтгэлтэй хөдөлмөрч залуусыг манай сайт “Эгэл иргэний түүх” буландаа онцлон урьж, ярилцан тэдний баялаг түүх, амьдралын хүчийг олон мянган уншигчдадаа хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийнхаа зочноор  Сан Их Сургуулийн Сургалтын албаны дарга, Санхүүгийн хөтөлбөрийн багш, профессор П.Баасанбямбыг урьж, ярилцлаа.

-  Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу...

Намайг Пагважамбалын Баасанбямба гэдэг. Би Улаанбаатар хотын унаган "тавин мянгат"-ын охин. 45 дугаар дунд сургуулийг дүүргээд МУИС-ын Эдийн засгийн сургуулийг  “Татварын эдийн засагч” мэргэжлээр бакалавр, Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед Сан Их Сургууль  үүсэн  байгуулагдсан байсан л даа. Тэгээд сургуульдаа санхүүгийн хөтөлбөрийн багшаар орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

- Сан их сургуулийг анх байгуулагдахаас өнөөдрийг хүртэлх хугацааг тооцоход хэдэн жил ажилласан бэ?

Сан их сургууль энэ жил 20 дахь жилдээ үйл ажилгаагаа явуулж байна. Би энэ сургуульд багшлаад 18 жил болж байна даа.

- Багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

Их сонин тохиолдол шүү. Миний ээж Л.Бямбаа Эдийн засагч мэргэжилтэй. Тухайн үеийн  Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байсан. Тэр үеийн залуучуудын төв байгууллагын санхүүгийн даргаар ажиллаж байжээ. Маш хариуцлагатай, их ажилтай хүн байсан. Ээжийгээ хараад хэзээ ч санхүү, нягтлан бодогч  болохгүй гэж боддог байлаа. Гэтэл би энэ мэргэжлийг эзэмшчихсэн\инээв\. Миний аав Д.Пагважамбал МУ-ын дугуйн спортын мастер, биеийн тамирын багш хүн байлаа. Багш хүн хэзээ ч амардаггүй. Хүүхдийн төлөө, хүүхдийг спортоор хичээллүүлж амжилт гаргахын төлөө аав минь ажилладаг байжээ.  Би хэзээ ч багш болохгүй гэж боддог байлаа. Яагаад гэвэл миний аав, ээж хоёр хоёулаа асар их ачаалалтай ажилладаг байсан. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, гэр орондоо зав зай гаргах нь бага, өндөр хариуцлагатай ажил хийдэг байлаа. Ингэж дэргэдээс нь харж өссөн учраас зовлонг нь сайн ойлгодог. Би өөрөө химич болно гэж боддог байлаа. Өөрийнхөө нэрийн үнэртэнг гаргахыг мөрөөддөг байсан. Манай ээж брэндийн үнэртэн түрхдэг болохоор ингэж мөрөөддөг байсан байх. Би тоо, хими, физикийн хичээлдээ их сайн байсан юм.Амьдрал өөрөө хүний хувь заяаг заадаг юм байлгүй дээ.  Эзэмшихгүй гэсэн мэргэжлээ хоёуланг эзэмшээд одоо ажиллаж байна. Эдийн засгийн мэргэжлээ эзэмшчихсэн энэ мэргэжлээрээ багшлаад явж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

-  Багш болох замнал тань ийнхүү эхэлж байжээ...

Тийм шүү. Хүний удам гэж байдаг юм билээ. Дунд сургуулийн минь багш нар маань намайг чи багш болох л ёстой гэдэг байсан. Гэхдээ миний хүсэл мөрөөдөл эсрэг байсан л даа. Цаанаасаа хүний гэр бүлийн хүмүүжилд энэ багш хэмээх агуу алдар нэр явж байдаг юм билээ. Энэ утгаараа аав ээждээ үнэхээр их баярлаж явдаг. Яагаад гэвэл энэ их хэцүү өндөр хариуцлагатай мэргэжлийг биеэрээ надад үлгэрлэсэн. Энэ утгаараа би өдий зэрэгтэй явж байна шүү дээ. Нөгөө талаараа ачит багш нараараа бахархаад баршгүй дээ. Намайг багшлах бололцоотой юм байна гэдгийг Их сургуулийн Доктор профессер С. Баатар багш маань олж хараад Сан Их сургуульд багшлах саналыг тавьж байсан юм. Би энэ сургуульд анх ороод л багш хүн ямар байх ёстойг А-аас нь Я-г хүртэл заалгаж, олон эрдэмтэн ахмад багш нараасаа суралцаж байна. Багш хүний хамгийн гол баримтлах зүйл бол хариуцлага юм. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх нь хамгийн чухал. Багш хүн оюутнаа Оскарын барималтай зүйрлэж эрдэм мэдлэгээр гаднах алтыг өнгөлөх хэрэгтэй гэж боддог. Харин шавь минь цаашдаа амьдралын замдаа багш нарынхаа түрхэж өгсөн алтыг үргэлж өнгөлж, зүлгэж байх ёстой. Тэгж байж л тэр шагнал тод гэрэлтэнэ шүү дээ. Амьдралын нугачаанд тэр бүрсэн алт нь ховхрохгүй байх хэрэгтэй. Ховхрохгүй зузаанхан алтаар бүрчих юмсан гэсэн сэтгэлээр  би ажиллахыг зорьж явна.

- Та багш хүнийхээ хувьд ямар зарчмыг эрхэмлэдэг вэ?

Би оюутан болгонд тохирсон аргыг хэрэглэдэг. Зэмлэхдээ зэмлэнэ,  зөвлөхдөө зөвлөнө, урамшуулахдаа урамшуулна. Хичээл заахдаа аль болох амьд жишээн дээр тайлбарладаг. Нөгөө талаар  хуулийн талаас нь тайлбарладаг. Яагаад гэхээр санхүү эдийн засгийн мэргэжил бол алдах эрхгүй мэргэжил юм. Ийм учраас оюутан бүртээ урамшуулал, хариуцлагын аргыг адилхан хэрэглэхийг зорьж байна. Тэгж байж л тэнцвэртэй байна гэж боддог. Сургууль төгсөөд явж буй оюутнууд зөв хүн байгаасай, зөв төлөвшилтэй байгаасай гэж хүсдэг. Гол зарчим нь энэ л байна.

- Энэ мэргэжлийг сонгосондоо харамсаж байсан тохиолдол байдаг уу?

Үгүй. Би нэг зүйл дээр л эмээдэг. Эдийн засгийн мэргэжил бол алдах эрхгүй мэргэжил юм. Миний шавь нар амьдралдаа алдчих вий л гэж айдаг. Тэр л миний хамгийн том айдас. Би хожим хойно нь харамсах учраас шүү дээ. Сайн боловсролыг олгоогүй учраас миний хүүхдүүд ингэж явна гэж өөрийгөө буруутгах байх. Гэхдээ тийм зүйл огт болж байсангүй. Миний шавь нар салбар салбарт бүгд л амжилттай явж байна. Тэр нь л миний хамгийн их баяр баясал, аз жаргал юм. Хамгийн сүүлийн Дурсамж хичээлдээ би төгсөгчдөдөө надаас илүү мэргэжилтэн болоорой л гэж захидаг даа.

- Та яг хэдэн шавьтай вэ. Нарийн тооцоо гаргаж байв уу?

Монголын болоод Олон улсын түвшинд суралцаж, ажиллаж байгаа төгсөгчид хоёр мянга гаран  байна. Хичээл зааснаа тооцоход давхардсан тоогоор шавь нар 10 мянга хол даваад явсан байна лээ. 

- Таны бодлоор сайн оюутан гэж ямар оюутанг хэлэх вэ?

Бүгд л сайн оюутан. Муу оюутан гэж байдаггүй. Муу хүмүүжлийг амьдарч буй орчинтой нь холбож ойлгох ёстой. Хүн бүр харилцан адилгүй орчинд өсдөг. Мөн адил харилцан адилгүй сургууль төгсөөд ирж байна. Өнөөдөр хаа байсан холын сумаас компьютер дээр ажиллаж чаддаггүй оюутнууд их ирдэг. Тэгвэл тэр харилцан адилгүй түвшинд сурсан оюутнуудыг сайн сургаснаар сургуулиа төгсөөд амжилттай боловсон хүчин болчихсон явж л байдаг. Хувийн сургуулийн давуу тал оюутан болгонтой тулж ажилладаг. Эцэг эхтэй нь байнга холбоотой байдаг. Энэ утгаараа хувийн сургуулийн оюутнууд илүү их эргэх холбоотой сургуулиа гэсэн сэтгэлтэй байдаг. Эргээд бидэндээ тус дэм болж чаддаг.

- Нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэж ярьдаг шүү дээ. Энэ үгтэй санал нийлдэг үү ?

Мэдээж санал нийлдэг. Байгалаас хүнд тодорхой хэмжээний оюун ухаан өгдөг. Сайн багтаамжтай хэрнээ тэрнийгээ өнгөлдөггүй бол тэгээд л зэвэрдэг. Цаанаасаа байгалийн өгөгдөл, өссөн газар орчин их чухал. Хүн хичээвэл юуг ч хийж чадна. Хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Байгалиас өгсөн өгөгдлийг зөв ашиглах ёстой гэж боддог шүү. Манай сургуулийн хувьд эдийн засгийн чиглэлээ дагнаад энэ олон жил сургалтаа явуулж байгаа. Тийм ч утгаараа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сургалтын баазаа бүрдүүлээд бэхжүүлээд авчихсан. Өндөр бүтээмжтэй багшлах боловсон хүчинтэй. Ийм байхад оюутан сурахгүй яахав дээ.\инээв\

- Ихэнх хүмүүсийн хандлагыг харж байхад бага ангийн суурь боловсрол хамгийн чухал гэж ярьдаг. Үнэхээр суурь боловсрол тийм чухал хэрэг үү?

Тийм. Бага боловсролыг сургууль, багш өгөхөөс гадна тэр хүүхдийг төлөвшүүлж буй гэр бүлийн орчин их чухал юм. Хамгийн гол нь хувь хүний төлөвшил гэр бүлийн хүмүүжлээс болдог.  Тэр хүний ямар төлөвшилтэй байх нь эцэг эхээс олгож буй гэр бүлийн хүмүүжлээс болно гэж бодоод байгаа юм. Иймд эцэг эхчүүд сургуульд, багш нарт хүүхдээ даатгахаас гадна өөрсдөө хүүхдүүддээ гэр бүлийн хүмүүжлийг олгох хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр эцэг эх-багш-сургууль гэсэн хамтын ажиллагаанаас тэр хүүхдийн ирээдүй харагдаад байгаа юм.

- Зарим эцэг эхчүүд хувийн сургуулиуд чанаргүй, миний хүүхэд заавал улсын сургуульд сурах ёстой гэсэн ойлголт их байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Тийм зүйл их байдагт харамсдаг. Мэргэжлээ, сурах сургуулиа сонгох гэж байгаа ахлах ангийн сурагчдад хэлэхэд Монгол улсаас гадна сургууль хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлсэн, олон улсын тэтгэлэг хөтөлбөрүүдтэй сургуулийг сонгон суралцаасай гэж зөвлөмөөр байна. Сан их сургууль тодорхой хэмжээний үнэлэмж өндөртэй. Сангийн хүүхдүүдийг ажилд авъя гэж захиалдаг, авдаг болсон. Сан дээд сургууль Их сургууль болсон, АНУ-ын ACBSP гэж Бизнесийн сургууль хөтөлбөрийн Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл гэдэг байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн. АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг Fullbright тэтгэлэгт Монгол улсаас шалгараад сургалтын хөтөлбөр болон багшийн хөгжил хэсэгт  хамтран ажиллахаар болсон. Ийм давуу тал байдаг учраас манай сургуульд суралцах оюутнууд их байна. Хамгийн гол нь олон улсад магадлан итгэмжлэгдэнэ гэдэг нь Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчинг бэлтгэдэг гэж ойлгож болно.  

- Жилд хэдэн мянган оюутнууд төгсдөг. Ажлын байрны хомсдол их байна. Үүнээс мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байдал үүсээд байна. Энэ талаар таны бодол?

Сургууль бүр өөрийн төгсөгчдийн талаар “Төгсөгчдийг мөшгих судалгаа” гэж хийдэг.  Манай сургуулийн хувьд төгсөгчдийн ажил эрхлэлт 85 хувьтай байдаг. Сургалтын алба оюутан бүртээ холбогдож ажлын байрны судалгаа хийдэг. Ажилд орсон хүүхдүүд хурдан эргэн холбогддог. Ажилд ороогүй хүүхдүүдэд ажилд зуулчилж өгдөг. Бид оюутан бүрт тогтвор суурьшилтай ажиллах ёстойг хэлдэг. Тухайн байгууллагадаа сэтгэл гаргаж ажиллах, ингэснээр тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ. Ажил олгогч нар ч сэтгэлээсээ ажиллаж байгаа ажилтнаа алдахгүй, сургаад бэлтгээд аваад явдаг. Бид ажил олгогч нарын шаардлагад нийцэхээр ажилтанг төгсгөхийн тулд оюутнаа сургаж байна. Сургууль бүр хөдөлмөрийн зах зээлд тэнцэхүйц боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. тухайн сургуулийн төгсөгч хэр сайн боловсон хүчин бэлтгэдэг вэ гэдгийг нь ажил олгогч нар мэддэг болжээ. Ийм ч учраас жил жилийн төгсөгчдөөс асуугаад захиалаад авдаг ажил олгогчид байдаг болж. Тухайн сургуулийн л анхаарах ёстой асуудал гэж боддог.

- Орчин үеийн залуус ахмад үеэ хүндэлдэггүй, ёс зүйгүй болчихсон байна гэж ихээхэн шүүмжлэлд өртдөг. Энэ талаар...

Хаа сайгүй л ийм асуудал яригддаг. 1990 оноос  төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжчихэд бид аль аль шатандаа ямар ч бэлтгэлгүй орсон. Бидний хэлдгээр социалист нийгэмд төлөвлөгөөний дагуу улс орон даяар ажилладаг. Улсын захиалгаар баригдах гэж буй үйлдвэрт ажиллах ажилтнаа төлөвлөгөөний дагуу бэлтгээд ажлын байраар хангадаг. Ажил эрхэлдэггүй гэж хүн үгүй байсан. Хувийн өмч гэдэггүй нийтийн өмч улсын өмч гэж яригддаг. Ард түмэн хүртэл ах захаа хүндэлдэг, хамт олны хүчээр ажил явагддаг. Хажуу айл, хөрш айлаа таньдаг, айл хөршийн холбоотой, бие биендээ тусладаг тийм энгийн хирнээ ёс суртахуунтай байсан. Өнөөдөр тийм зүйл алга болчихож. Ардчилал гараад бүх зүйл өөрөөр байх хэрэгтэй болсон. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрлөө, хаана амьдрахыг хүснэ тэндээ амьдардаг болсон, хэлэх үгээ хэлдэг боллоо, жагсаал цуглаан их хийдэг боллоо.  Ардчилал бий боллоо гээд хүссэнээ хийдэг болчихсон байна шүү дээ. Гэвч энэ бол арай л буруу юм. Монгол улсын эрх ашиг, Монголын ард түмний эрх ашиг, монгол хүний ёс жудаг, хүн чанар гэж байхгүй болоод байна. Би оюутнууддаа  ёс суртахуунтай байх хэрэгтэй гэж их хэлдэг. Ажил олгогч нар  зөв хүнийг л ажилд авмаар байна гэдэг болсон. Тэгэхээр зөв хүн гэж худлаа ярьдаггүй хүнийг хэлнэ. Гаргалгаа ийм энгийн. Худлаа ярьдаггүй хүн хийж чаддаг, хэлсэндээ хүрдэг, алдаа гаргасан ч алдаагаа хэн нэгэнд тохохгүй  хүлээн зөвшөөрдөг. Ийм л хүн цаашид хөгждөг.

- Таны үнэлэмжээр сайн багш гэж ямар хүнийг хэлэх вэ?

Хичээл  сайн заадаг багшийг сайн багш гэхгүй ээ. Мэдээж тэр бол нэг үзүүлэлт нь. Бүтээл гаргадаг, бүтээлээ амьдралд хэрэгжүүлсэн, судлаач багшийг хэлж болно. Багш бүр судлаач, бүтээгч байх хэрэгтэй. Судалгааны ажилдаа оюутнуудыг татан оролцуулдаг. Оюутнуудаа судалгаа хийх арга барилыг эзэмшүүлсэн, оюутан бүрийг судлаач болгодог байх хэрэгтэй. Тэгж байж манлайлна, илүү хөгжиж чадна. Багш оюутан хоёулаа  нь шүү дээ. Сайн багш гэхээсээ судлаач багш, шийдэл ярьдаг багш гэвэл илүү байх.

-   Та өдрийн хэдэн цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг вэ? 

Ажлын шалтгаанаар янз бүр байдаг. Тухайн байдлаас хамаарна. Төгсөлт болох гэж байгаа бол хоногийн 24 цаг  хүртэл багаддаг. Багш хүн бол  амардаггүй, тэдэнд амрах эрх ч байхгүй. Гэхдээ мэдээж гэр орондоо цаг зав зарцуулна. Ар гэр минь намайг ойлгож дэмждэг тул би ажлаа хийж чаддаг. Би байнга өөрийн мэргэжлийн дагуу гарсан шинэ бүтээл, шинэ номнуудыг уншиж өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог.  Би хоцрох вий  гэж эмээдэг учраас өдөр бүр шинэ зүйл сурахыг хичээдэг. Өнөөдөр бүх салбар маш хурдан хөгжиж байна. Иймд сурахаа больж болохгүй болж. Байнга л суралцахгүй бол зэвэрнэ.

- Өнөөгийн боловсролын чиг хандлага багш төвтэй бус оюутан, сурагч төвтэй байх ёстой гэж их ярих болж л дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

Хамгийн зөв, Оюутан төвтэй байх ёстой. Их дээд сургуулийн хичээлийн цаг 90 минут байдаг. Доктор, профессор багш нар 90 минутын турш лекцээ заах үүрэгтэй.  Мөн лекцийн хэлбэрээс гадна, семинар хичээл, лабораторийн хичээлийн хэлбэрүүд байна. Тэгэхээр багш нар  оюутнаа лекцийн хүрээнээс илүү зүйл судлахыг шаардаж байна. Иймд оюутнууд өөрсдөөө  нь хөгжихөөс өөр аргагүй болж байгаа юм. Мөн манай сургууль CLOUD-үүлэн системийг хэрэгжүүлсэн болохоор оюутан заавал хичээлийн танхимд суух шаардлагагүй болсон. Өнөөдөр бүх зүйл цахим болчихсон. Тухайн оюутан  эмнэлэгт хэвтэж  байлаа гэж бодоход оюутны кодоо хийгээд л бүх хичээлийн лекц гараад ирдэг, нөхөөд үзчих боломжтой болжээ. Ийм л цаг үед амьдарч байгаадаа баярлаад зогсохгүй оюутан хүн өдөр бүр өөрийгөө дайчилж, илүү хөгжүүлэх ёстой. Нийгэм өөрөө ийм зүйлийг л хүсч байна шүү дээ.

- Танай эдийн засгийн чиглэлээр төгссөн оюутнуудын хэдэн хувь нь ажлын байраар хангагддаг вэ?

Төгсөгчдийг мөшгих судалгаанаас харахад дунджаар 85 хувиас дээш байдаг. Зарим оны төгсөгчид 100% ажлын байртай ч байна.  Ажилтай байхаас гадна төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан төгсөгчид их байдаг. Төгсөгчид маань бизнесийн байгууллага, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, улс төрд хүртэл ажиллаж байна. Зарим төгсөгчид хувийн компани байгуулаад амжилттай явж байгаа ч байна. Манай сургуулиас оюутан авах дуртай байгууллагууд их байдаг. Бид итгэлийг нь алддаггүй учраас л ингэж ханддаг.

- Багш мэргэжил хэр их хөрвөх чадвартай вэ?

Багш мэргэжил бол хэзээ ч тэтгэвэрт гардаггүй мэргэжил шүү дээ\инээв\. Санхүүгийн хичээл заана. Банкир хийчихнэ. Хүний нөөц хийх чадвартай. Судлаач хийнэ энэ мэтээр хөрвөх өндөр чадвартай мэргэжил гэж боддог.

- Сая багш нар цалингаа нэмэгдүүлэхийн тулд жагслаа шүү дээ. Таны цалин амьдралд тань хүрэлцдэг үү?

Боловсролын системийн байгууллага боловч сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн багш нарын цалин сүлжээгээрээ өөр өөр байдаг. Бид нарын хувьд бол дунд сургуулийн багш нартай адилхан цалин авдаггүй. Яг л ажилласан цаг ачааллыг нь бодоод л өгдөг. Цалингийн системийн дагуу л явдаг. Тэнд жагсаж байгаа жагсаалд их, дээд сургуулийн багш нар гэсэн дуу хоолой ажиглагдаагүй л дээ. Үнэн хэрэгтээ боловсролын байгууллага бол төрийн үйлчилгээний байгууллага. Тэр утгаараа цалингийн сүлжээ бага байгаад байна. Ер нь бол боловсрол, эрүүл мэндийн салбартаа анхаардаг улс л хөгждөг байгаа юм.  Багш нарын ачаалал их байна, дунд сургууль гурван  ээлжээр хичээллэж байна, нэг ангид байх хүүхдийн тоо 40, 50 хүрч байна гэж яриад байдаг, яриад л байдаг.  Ямар ч эцэг эх хүүхдээ сайн багш нартай сургуульд өгч сургахыг боддог. Энэ хүмүүсийн буруу биш. Багш нарын ачаалал их,  хүүхэд болгонд хүрч чадахгүй байна. Хичээлийн 40 минутад хүүхэд бүрийн гэрийн даалгаврыг шалгаад хичээлээ зааж чадахгүй харагдаад байгаа юм. Тэгэхээр нийгмийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын цалинг системтэйгээр нэмэх ёстой.

- Танай сургуулийн эрхэм зорилго.

Өнөөдөр нийгэм ёс суртахууныг их ярьж байна. Сан их сургууль олон улсад магадлан итгэмжлэгдсэн тул Манлайлал, Ёс зүйн хичээлийг оруулдаг. Оюутнуудаа ёс суртахуунтай хүн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сан их сургуулийн доктор, профессорууд Дэлхийн мөрөөдөл-Монгол мөрөөдөл- Сан мөрөөдлийг тодорхойлоод тавьчихлаа. Монгол мөрөөдлөөс Сан мөрөөдөл урган гарч байна.

Сан мөрөөдлийг:

•         Багш, оюутнуудыг зорилготой;

•         Сургуулийг хөгжилтэй болгодог үнэт зүйл гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл:

•         Зүрх сэтгэлийн эрдэм;

•         Тархины эрдэм;

•         Биеийн хөгжлийн эрдэм тус бүрийн балансжилтыг хангасан бүтээгч мэргэжилтэн бэлтгэнэ.

- Сан их сургуулийн онцлог давуу тал.

Манай сургууль 1998 онд байгуулагдсан. Энэ жил 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын БМИҮЗ-өөр 2003, 2008 онд байгууллагын магадлан, 2012 онд “Банкны эдийн засаг, нябо” гэсэн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн.  2014 онд ACBSP-ийн магадлан итгэмжлэлийг авсан. Олон улсад сургууль, хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлнэ гэдэг нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Дэлхийд ажиллах боловсон хүчин бэлтгэж байна гэж ойлгож болох юм. 2015 онд CLOUD үүлэн системийг тестлэгч анхны сургууль болсон. 2017 онд АНУ-ын Төрийн Department-аас Fullbright тэтгэлэгт Монгол улсаас шалгарчихлаа. 2018 оноос Сан Их сургууль боллоо. Энэ бүхнээс харахад жил бүр хөгжиж дэвжиж байгаа нь харагдаж байна.  

- Ямар хүн хамгийн хурдан хөгждөг вэ?

Оюутан хүнд зорилго үгүй бол, эх оронд ирээдүй үгүй гэдэг. Мөрөөдөлтэй хүн зорилготой, зорилготой хүн хөгждөг гэж боддог. Тэгэхээр залуу хүн мөрөөд, зорилгоо тавь, зорилгодоо хүрэхийн тулд ажиллах хэрэгтэй. Ийм ч учраас  дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхийг судлаад үзэхэд улс үндэстнээрээ мөрөөдөж мөрөөдөлдөө хүрэхийн төлөө ард түмнээрээ ажилласан улс орон хөгжсөн байдаг. Жишээ нь: Дэлхийн II дайны дараа АНУ дэлхийн тэргүүлэгч орон болно гэсэн зорилт тавьсан. Түүндээ хүрчихлээ. ОХУ, БНХАУ 2050 онд дэлхийн тэргүүлэгч орон болно гэсэн зорилт тавьчихлаа. Тэгэхээр бид хоцрохгүй байх хэрэгтэй. Манай сургуулийн докторууд Дэлхийн мөрөөдөл, Монгол мөрөөдөл, Сан мөрөөдлөө тодорхойлоод оюутан бүрдээ заагаад явж байна.

- Орчин үеийн залуучуудын алдаатай оноотой зүйл нь.

Одоогийн залуучууд олон сайхан давуу талтай байна. залуучууд маань их нээлттэй болсон байна. Гадаад хэлний мэдлэг өндөр болсон байна. Интернетийн орчинд мэдээллээ олж авдаг болж. Сэтгэлгээ өөр болчихсон байна. Аливаа зүйлийг хурдан сурдаг, хурдан сэтгэдэг болжээ. Гэвч дутагдал бол байна аа. “Би” гэсэн төвтэй болчхож. Би биш бид гэж ярих ёстой. Монголчуудын эвлэн нэгдсэн үе нь л мандан бадралын үе байдаг. Миний Монгол улс, бидний Монгол улс, би Монгол хүн гэж алхам тутамдаа сануулж, ярьж байх ёстой. Хүний үгийг сонсож сурах хэрэгтэй. Мөн ахмад настнаа хүндлэхгүй, ёс заншлаа мэдэхгүй байгаад л сэтгэл эмзэглэдэг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж үг байдаг. Их юм мэддэг хүн даруу төлөв байдаг шүү дээ.

- Таны ойрын таван жилийн төлөвлөгөө...

Бид их сургуулийн ангилалд орлоо. Сан дээд сургууль Сан судалгааны их сургууль болох менежментээ хийж байна. Тиймээс судалгааны ажилдаа илүү анхаарах болно. Судлаач, бүтээгч оюутныг бэлтгэх тал дээр алхам тутамдаа анхаарч ажиллана. Цаашид судалгааны ажлаа практик дээр хэрэгжүүлэх тал дээр анхаарч, чадварлаг оюутнуудыг нийгэмд бэлтгэхийн төлөө илүү хурдацтай хичээж ажиллах болно. Миний ойрын зорилго ийм л байна.

- Оюутан залуустаа хандаж хэлэх урмын сайхан үгээр яриагаа өндөрлөе...

Монголоо гэсэн сэтгэлтэй зөв хүн байгаасай л гэж хүсэж байна. Салбар салбартаа амжилт гаргасан, өөрөө өөрийнхөө чаддаг зүйл дээр бардам байгаасай. Алдаагаа хүлээн зөвшөөрдөг, алдаагаа дахин давтдаггүй, багаараа ажиллах чадвар сайтай байвал миний Монголын залуучууд хөгжихөд ойрхон байна.

Ярилцсанд баярлалаа  

                                                                                            Ярилцсан М.Дайриймаа 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх