Ч.Сайханбилэгийг сар хорихоор боллоо

2018-04-12 04:08   
Хуваалцах Жиргэх

АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд МУ-ын Засгийн газар, "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа билээ. Түүнчлэн Ерөнхий сайдыг 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 20:50 цагт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Мөн Нийслэлийн прокурорын газраас экс Ерөнхий сайд нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлээд байсан юм. Харин өчигдөр орой шүүхээс С.Баярыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, гадуур байцааж шалгана хэмээн батлан даалтад гаргасан. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал өнөө өглөө Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлж, дөнгөж сая дуусан түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргалаа.

Шүүх хурал хаалттай явагдсан. Шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров ийн тайлбар өглөө.  

"Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг баривчилсан асуудал хууль ёсны дагуу байсан эсэх, цаашид сэжигтнээр цагдан хорих үндэслэлтэй эсэх асуудыг хэлэлцлээ.  Харамсалтай нь энэ шийдвэр хуулийн дагуу гарсангүй гэж үзэж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг зөрчлөө. Энэ асуудлаар бид дараа дараагийн шатны шүүхэд хандана. 

2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ч.Сайханбилэгийг гэрчээр асууна гэж АТГ-аас 15 цагт дуудахад нь  цагтаа очсон. Гэрчээр гурван цаг байцаагаад дараа нь прокурорын баталсан шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоол танилцуулаад шууд авч явсан. 

Монгол Улсын төрийн жолоог атгаж байсан хоёр Ерөнхий сайдыг хоёр цаг зэрэгцүүлж суулгаж байгаад бараг зэрэг ачаад аваад явсан.

Манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалт буугаагүй байхад баривчиллаа.Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг зөвхөн шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд  баривчлах хуультай. Гэтэл энэ хуулийг зөрчөөд шууд баривчлахаар аваад явсан. Энэ хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд  өөрийнх нь хамгаалалтад байсан комиссар буюу төрийн тусгай хамгаалалтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа ажилтныг хамт хорьчихсон. Одоо ч хамт хоригдож байна.

Ч.Сайханбилэг гадаадад онцгой хүндэтгэх шалтгаантай байж байгаад зорьж ирээд энэ ажиллагаанд оролцсон юм. Прокурор, АТГ-аас дуудсан мэдэгдлүүд ирэхэд нь энэ мэдэгдлүүдэд дандаа албан ёсоор хариулт өгч байлаа. Хуулийн дагуу хамгийн хүнд төрөл буюу цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь олон улсын гэрээ конвенц болон бусад Монгол Улсын хуулиар энэ арга хэмжээг эцсийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ асуудлаар манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэг тодорхой байр суурьтай байна. Өмнөх Засгийн газрынхаа кабинетаараа шийдсэн шийдвэрийг дараагийн эрх баригчид үндэслэлгүйгээр үгүйсгэдэг, улс төрийн зохиомол хэрэг үүсгэж хилсээр гүтгэдэг, үүндээ зарим хууль хяналтын байгууллагуудыг татан оролцуулдаг асуудал хавтгайрлаа. Энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай болжээ гэдгийг илэрхийлж энэ буруутгалыг бүгдийг нь эрс няцааж байна. Хэрвээ энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу үргэлжилвэл үнэн шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна." гэв.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх