Гурван настай хүүхдийг цэцэрлэгийн багш нь зодож гэмтээжээ

2018-03-13 06:53   
Хуваалцах Жиргэх

Цэцэрлэгийн нялх хүүхдийг багш нь зодсон асуудал манайд өмнө нь хэд хэдэн ч удаа гарч байсан удаатай. Тэгвэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цэцэрлэгийн нэгэн туслах багш нь гуравхан настай хүүг цохиж гэмтээсэн хэрэг саяхан гарсан байна. Тодруулбал гуравхан настай хүүг нь цэцэрлэгийн багш нь зодсон тухай нэгэн бүсгүйн цахим хаягтаа нийтэлсэн мэдээ, видео олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй шуугиан тарьсан. Учрыг сийрүүлбэл...Энэ сарын 7-ны өдөр хүүгээ цэцэрлэгээс нь авахаар ээж нь очиход “багш намайг зодсон миний хөл хугарчихсан” гэж хэлжээ. Энэ үгийг сонсоод ээж нь учир явдлыг багшаас асуухад 'Танай хүүхэд тоглож байгаад өөрөө унасан' гэж хариулсан гэнэ. Гэвч камер шүүж үзэхэд багш нь зодсон байсан аж. Энэ тухай сумынхаа цагдаагийн газар мэдэгдсэн болов ч хэргийг бүртгэж авсан цагдаа утсаа унтраагаад сураг чимээгүй болсон байна. Тиймээс хүүгийн ээж арга буюу цахим хаягтаа нийтэлсэн гэнэ.

Бид тухайн үед чухам ямар үйл явдал болсон талаар хүүгийн ээжээс тодруулга авсан юм. Харин мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс хүүг зодсон гэх цэцэрлэгийн туслах багштай холбогдох гэж хэд хэдэн удаа утас руу нь залгасан боловч гэр бүлийнх нь хүн утсыг нь авч “Бид ямар нэгэн тайлбар хийхгүй. Яагаад гэвэл цагдаагийн дүгнэлт гараагүй байна. Тиймээс юу ч ярихгүй...” гэсэн тайлбар өглөө.

Б.Буянхишиг: “Зодсон төмрөө аваад ир” гэтэл гялс цаас хуйлаад аваад ирсэн...

  • Сайн байна уу та. Хүүд тань тохиолдсон явдлын талаар бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Миний хувьд үнэхээр их бухимдаж байна. Миний эгч, найз нөхөд дунд олон багш бий. Гэхдээ тэд хэзээ ч хүний хүүхдэд гар хүрдэггүй. Миний хүү 2018 оны 3-р сарын 7-ны өдрийн өглөө зүв зүгээр цэцэрлэгтээ алхаад орсон. Гэтэл би орой 17 цаг 30 минут гэхэд хүүхдээ авах гээд ирэхэд миний хүүгийн уйлах чимээ бүр үүднээс л сонсогдож байсан. Тэгээд би гайхаад “миний хүү чинь жаахан хөдөлгөөнтэй болохоор өөрөөсөө болж дээ...” гэж бодсон. Хүүгээсээ “Миний хүү яагаад уйлаад байгаа юм бэ?” гээд асуусан чинь хоёр багшийнхаа хажууд нь “Багш намайг зодоод миний хөл хугарцан” гээд сөхөрч уйлж суучихаад, алхаж чадахгүй байсан. Тэгээд багшаас нь “Хүү минь яагаа вэ, юу болсон бэ” гэхэд “Тоглоом дээрээсээ өөрөө унасан гэсэн хариуг өгсөн”. Би хүүгээ шууд өргөөд л гараад явсан.  Манай нөхөр ажлаасаа ирээд хүүгийнхээ бичлэгийг камерт шүүлгэх гэтэл цэцэрлэг хаачихсан байсан. Дараа нь сумынхаа жижүүр эмч дээр очсон юм. Жижүүр эмчийн хэлэхдээ хүүг үзээд сайн мэдэхгүй байна, гэхдээ хүнд бэртэл алга гэхэд нь бага ч болов сэтгэл онгойгоод гэр рүү харьсан. Тэгтэл хүү маань тэр шөнөдөө унтаж чадалгүй уйлагнаад их л хэцүү хоносон. Нөгөөдөр нь буюу гуравдугаар сарын 9-ны өдөр камерт шүүлгэхэд миний хүүг багш нь саваагаар зодсон байгаа юм. Бүр миний хүү багшдаа цохиулаад дараа нь унтаад босохдоо алхаж чадахгүй байхад нь хүчээр татаад босгож байгаа нь камерт бичигдсэн байсан. Багш хүн тийм байж болох уу...

  • Тэгээд багш нь өдөр хүүхэд чинь уйлаад байна гэж та нарт огт хэлээгүй юм уу?

Харин ерөөсөө залгаагүй. Орой авах гэж очоод л мэдэж байгаа юм чинь. Яг үнэндээ бүхэл өдрийн камер шүүсэн боловч бичлэгийг бидэнд бүрэн эхээр нь өгөөгүй. Бичлэгийг нь шүүж байхад миний хүү хазганаад гишгэж чадахгүй байхад манай хүүхдийг шууд татаад босгочихсон. Тэгээд өдөржингөө хазганаад уйлагнаад байхад чинь хоёр багш нь ерөөсөө тоосон шинжгүй байгаад л байсан. Миний хүү унтах цаг хүртлээ зүгээр л тоглож байсан. Бүх хүүхдийн унтлагын цаг болонгуут туслах багш Шижирмаа нь хүүхдүүдээ оронд оруулчхаад хар зүйл бариад суугаад байгаа харагдсан. Тэгээд манай хүүхэд хөрвөөсөн чинь очоод нөгөө барьж байсан зүйлээрээ цохисон байсан. Жаахан амьтан чинь мэдээж хөрвөөж л унтдаг биз дээ. Гэтэл тэр багш нь “Би танай хүүхдийг дээшээ харж зөв унтуулах гэж цохисон” гэж хэлээд өөрийгөө цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ би цохихдоо цаасаар цохисон гэж хэлсэн. Цаасаар цохисон тохиолдолд хүүхдийн гадна талынх нь арьс хэзээ ч хөхрөхгүй, хазганаж явахгүй шүү дээ. Тэгээд би нөгөө багшаас нь  “Чи манай хүүхдийг цохиод байсан. Тэр цохисон зүйлээ аваад ир гэхэд хар цаас гялс хуйлаад аваад ирсэн. Тэгэхээр нь “Чи хар л даа, энэ чинь чиний барьж байсан зүйлээс чинь нарийхан юм байна шүү дээ. Цаасаар цохиход ингэхгүй” гэж хэлтэл “Танай хүүхдийг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би цаасаар цохисон гээд” гүрийгээд байсан.

  • Тэгээд хуулийн байгууллагад хандсан уу?

Тэгсэн. Цагдаад гомдол өгтөл утсаа хаагаад алга болчихсон. Хамгийн гол нь шүүх эмнэлгийн томилгоотой хот руу авч явах ёстой байсан. Гэтэл цагдаа нь утсаа авахгүй алга болчихсон. Би хүүхдээ бодоод арга буюу хот руу ирсэн. Тухайн үед бид нар мэргэжлийн эмчид үзүүлсэн л дээ. Гэтэл дүгнэлт нь “Зөөлөн эдийн гэмтэлтэй байна. Тэр гэмтэл нь дотогшоо орох магадлалтай. Тиймээс рентген зураг авахуулах зайлшгүй шаардлагатай” гэсэн. Тэгээд эмчийн дүгнэлтийг нь нөгөө багшид үзүүлээд “Энийг хар. Бид чамайг шүүх, цагдаад өгнө.” Гэтэл “Тэг ээ, айгаад байх юм алга...” гэж байна лээ.

  • Энд ирээд нарийн шинжилгээ хийлгэсэн үү. Ямар хариу гарсан бэ?

Улаанбаатарт ирээд ГССҮТ-ын хүлээн авах тасагт үзүүлсэн. Шууд рентген зураг авахуулаад ир гадна талд нь өрөвссөн юм алга гэсэн. Хугарч, цуурсан зүйл байхгүй. Харин түнхний үе нь цохиулснаас болоод өрөвсөх тохиолдол байдаг. Тиймээс хүүхдээ Томографикийн шинжилгээ хийлгэ гэсэн. Томографикийн шинжилгээнд орохын тулд 3 настай хүүхэд заавал бүрэн унтсан байх шаардлагатай. Нэг л хөдөлгөөн хийх юм бол зураг нь гардаггүй. Тэгэхээр нойрсуулах тариа хийлгэж байгаа. Нэг зураг авахад 120 мянган төгрөг болдог юм байна.

  • Тэгээд шинжилгээ, эмчилгээ, замын зардалаа та нар өөрсдөө гаргаж байгаа юу?

Тийм ээ. Хүүгээ бодоод шаардлагатай гэсэн бүх зардалаа бид өөрсдөө гаргаж байгаа. Манай нөхөр “Энерджи ресурс” ХХК-д ахлах нягтлангаа ажилладаг. Ажлаасаа чөлөө аваад ирсэн. Би хоёр хүүхэдтэй. Том хүүхдээ аваад, бага хүүхдээ аав, ээждээ үлдээгээд ирсэн л дээ.

  • Хүүгийнхээ шинжилгээний хариу, бас цохисон хэсгийн зургийг нь бидэнд өгч болох болов уу?

Харин болохгүй гэсэн. Бид энд бас цагдаад өгчихсөн байгаа учраас тийм зүйлүүдийг хамаагүй өгч болохгүй байна л даа. Бас бичлэгүүдийг ч би өөрийнхөө цахим хуудсанд бүрэн нийтлээгүй байгаа.

 

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Бэлтгэсэн: С.Мөнхжаргал


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 202.179.27.171 / 2018-03-13 10:14

багш гэгдэж байгаа тэр хүүхэн чмар муухай амьтан бэ. Бид яаж энэ багш нэрт нялх үрсээ итгэж өгөх ьэ, тэгээд тоохгүй байна гэдэг дэндүү цэвдэг, багш хүнд тохирохгүй ёс зүй байна. ажлаас нь халах хэрэгтэй