Багачуудаар наадсан баячуудын уралдаан болох нь...

2018-03-13 02:40   
Хуваалцах Жиргэх

Сар шинийн баярын дараахан буюу хаврын тэргүүн сар гармагц л олны дунд шүүмжлэл дагуулдаг үйл явдал бол морины уралдаан. Ер нь бол хүйтний эрч сулраагүй байхад хүүхдээр морь унуулдаг, хаврын морины уралдааны салхи хагалдаг “Дүнжингаравын хурд” гэж ойлгож болно. Тэгвэл энэхүү хэл ам дагуулдаг уралдаан ирэх ням гарагт буюу 2018 оны 03 сарын 18-нд болох гэж байна. Өнгөрсөн жил ихэд нууцлагдмал болсон энэхүү уралдаан өнөө жил ч чимээ сураггүй байж байгаад шуудхан хэлэхэд дээгүүрээ ярилцаж байгаад сэмхэн хийгээд өнгөрөх бололтой.

Хэдийгээр энэ оны эхээр Засгийн газраас өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон ч зарим нэгэн аймагт өндөр бооцоотой уралдааныг нууцаар зохион байгуулсан сураг сонсогдсон. Түүнчлэн Засгийн газраас жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон. Гэвч энэ хууль хэрэгжих эсэх нь мөн л эргэлзээтэй.  

Яг үнэндээ Монгол Улсын Засгийн газар хэдэн уяач баячуудын эрхэнд орж, өвлийн морин уралдааныг хориглож чадаагүй шийдвэр өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ-ын хоригтой тулж, өөрөөр хэлбэл Монголын унаач хүүхдийн асуудал НҮБ-ын  чихэнд хүрээд авсан л даа. Учир нь Монгол Улсын Засгийн газар хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргахдаа өвлийн гэдэг үгийг авч хаяж иргэдийг дөнгөсөн ч олон улсыг мэхэлж чадаагүй юм. Тодруулбал, өвлийн хүйтэнд морь уралддагаараа уралдана, хүүхэд унадгаараа унана. Засгийн газар иргэдийг тайвшруулах гэж унаач хүүхдийг 12 нас гэж зааглаж өгсөн ч 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж Үндсэн хуульд заасныг бүгд мэднэ. Зүйрлэвэл, Монголын төр засаг энэ байдлаараа 12-оос дээш насны хүүхэд хүчирхийлэлд өртвөл, хүчиндүүлбэл тооцохгүй гэдэгтэй утга нэг юм.

НҮБ Монгол Улсын Засгийн газраас унаач хүүхдүүдийн амь насны хариуцлагыг нэхсэн зөвлөмжийг өнгөрсөн оны зургадугаар сард ирүүлсэн. Гэвч хагас жил гаруй Ерөнхий сайд эсвэл ЗГХЭГ-ын дарга, аль нэг албан тушаалтны шүүгээнд хав дарагдсаар өнөөг хүрч байна. Үр дүн нь унаач хүүхдийн насыг 12 болгосон гэх ганц өгүүлбэрээр хаацайлсан өвлийн морин уралдааныг зөвшөөрсөн шийдвэр. Яагаад зөвшөөрөөд байгаа нь хэнд ч тодорхой. Учир нь манай төр, засгийнхан дунд цөөнгүй алдарт уяачид бий л дээ. Захын жишээ дурдахад л УИХ-ын дарга М.Энхболд сүүлийн хэдэн жилийн турш Морин спорт уяачдын холбоог тэргүүлж, өнгөрсөн жил л гэхэд “Дүнжингаравын хурд-2017”-д хүүгийнхээ нэр дээр морио сойж, өөрөө сэмхэн “Цагаан хөтөл”-ийн дэнжид саатаад авсан удаатай. Мэдээж ийм хүмүүс өвлийн уралдааны эсрэг, хүүхдүүдийн төлөө шийдвэр гаргана гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна. Шадар сайд Ө.Энхтүвшин хүртэл өвлийн уралдааныг цаагуураа дэмжсэн нь нууц биш. Мань сайд “Өвөл, хаврын морин уралдааныг шууд хорих боломжгүй. Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуулахдаа тодорхой зохион байгуулалтай ажил хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаар харж байгаад дулаан өдрүүдэд хурдан морины уралдаанаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн. Эхний ээлжинд хүйтний улиралд бага насны хүүхэд бус 12-оос дээш насны хүүхэд морь унах шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэнийг олон хүн санаж байгаа болов уу...Тэгээд бас болоогүй ээ, Шадар сайд маань хүний эрхийг хамгаалагчдад “Та нар 40 мянган уяачийн бүтэн жилийн хөдөлмөр 500 хүн цалинжуулж байгааг үгүй хийх гэж байна” хэмээн омогдсон гэх яриа ч чих дэлсээд авсан шүү. Заавал ингэж улайрах ямар шалтгаан байдаг байна вэ?. Мэдээж ашиг байгаа болоод тэд айхтар шунаад байгаа. Баттай бус мэдээллээр нэг том уралдаан зохион байгуулахад нэлээд хэдэн зуун мянган төгрөг халаасанд нь ордог гэх яриаг уяачид дундаас нэг нь ам алдаж байсан юмдаг...

Засгийн газрын “зөвшөөрөлтэй” уралдаан бүрээс унаач хүүхэд унаж бэртлээ, амиа алдлаа…гэх харамсалтай мэдээ сонсогдоно. Чихэнд дасал болгож, хойш суух асуудал энэ яавч биш. Судалгаа харахад 2013 онд 8148 хүүхэд уралдаанд оролцсоноос 958 нь мориноос унаж хүнд хөнгөн бэртэн, зургаан хүүхэд амиа алджээ. 2014 онд 7477 хүүхэд морь унаж уралдсанаас 621 хүүхэд хөнгөн, хүнд гэмтсэн байна. Уралдааны үеэр хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих өвчлөл түгээмэл байдаг. Хүүхдийн бие физиологит шууд бусаар үүсэх өвчлөлүүд ч олон юм байна. Тодруулбал, хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсдэг, цаашлаад төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүргэх эрсдэлтэй гэж мэргэжлийн эмч тайлбарлаж байна. Албан бус тоон мэдээллээр 1996 оноос хойш 25 унаач хүүхэд мориноос унаж амь насаа алдаад байгаа гэдэг. Түүнчлэн НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангаас мэдээлж байгаагаар нэг жилд гэхэд уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн гэсэн оноштой 300 хүүхэд гэмтлийн эмнэлгийн хаалгыг татдаг байна. Үнэхээр харамсмаар биш гэж үү...

Өвлийн уралдааны үеэр бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн зовлон шаналал одоо ч дуусаагүй байна. Насаараа тахир дутуу болчихоод харамсаж халаглаж суугаа хүүхдүүд цөөнгүй бий. Тэд баячуудын зугаа цэнгэлээс болоод хэдэн төгрөгийн төлөөсөнд амьдралаа бүхэлд нь өгчихөөд байна шүү дээ. Хүний нялх үрийг өөрийнхөө хүүхэдтэй зүйрлэж бодох ухаан Монгол хүнд даана ч баймаар л санагдах юм. Бид энд мянга “майлаад” ч нэмэргүй л байх л даа. Нөгөө “нар манддагаараа мандана, маргааш болдогоороо л болно” гэдэг шиг уралдаан болдогоороо л болох биз ээ...

Өвлийн уралдааны талаар уяачид ингэж ярив...

Монгол Улсын манлай уяач П.Энхмөнх:

 “Монгол ёс заншил, уламжлалаа мэдэхгүй хүмүүс л иймэрхүү зүйлүүд ярьж байгаа болов уу. Олон зуун жил монголчууд бид баяр наадмаа хийж, хүүхэд багачуудаараа морь унуулж ирсэн уламжлалтай ш дээ. Тэглээ гээд муудсан зүйл байхгүй болов уу.”

Монгол Улсын тод манлай уяач Д.Онон:

“Би бол өөрийнхөө хүүхдүүд, ач нараараа морь унуулж ирсэн. Монгол хүний яс, цусанд шингэсэн чадвар шүү дээ. Миний хувьд учиргүй буруу зүйл гэж бодохгүй л байна. Тэгээд ч морины уралдаанууд хавар харьцангуй дулаан цагт болж байгаа шүү дээ.”

Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар:

“Яг идэр есийн хүйтэнд бол морь уралдахгүй байх нь зөв л дөө. Ер нь бол уралдаанууд хавар л болж байгаа шүү дээ. Газар гэссэн үед, хаврын уралдаанд хүүхдийнхээ аюулгүй байдлыг маш сайн хангаад  уралдуулахад болохгүй зүйл байхгүй болов уу, гэж миний хувьд бодож байна. Хүүхдийн насны хязгаарыг 12 наснаас дээш гэж тогтооно гэж яригдаж байгаа. Би хувьдаа бол энийг маш зөв гэж гэж бодож байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх