У.Хүрэлсүх: Төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурав бие биеэ дэмжиж байж хөгжинө

2019-01-06 06:10   
Хуваалцах Жиргэх

Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл хайсан зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад ноос, ноосон эдлэл, арьс шир, ноолуур, ноолууран эдлэл, оёдол, хүнс, барилгын материал, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны төлөөлөл оролцлоо.  

Уналтад ороод байсан эдийн засаг сэргэж байгаа нь үйл ажиллагаагаа явуулахад ихээхэн дэмжлэг болж байгааг холбоодын төлөөлөл ярьж байлаа. Цаашид импорт шүтэж амьдрах биш харин нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд нийлүүлэх чиглэлээр төр, засагтай хамтарч ажиллахын төлөө байна гэдгээ илэрхийлэв. Үүний тулд татварын бодлогоор дэмжих, тухайлбал үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирэх бараа материал, тоног төхөөрөмжийг НӨАТ, орлого, гаалийн татвараас чөлөөлж, хөнгөлдөг байх нь чухал байгааг холбоодын төлөөлөл хэлж байлаа.

Мөн төрийн байгууллагууд дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэн тэргүүнд худалдан авдаг байх,  2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгох, дотоодын зах зээлээ хамгаалах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болгох зэрэгт анхаарах нь зүйтэй гэсэн санал гарлаа. 96 их сургуулийг цэгцэлж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг  дэмжихгүй бол мэргэжилтэй ажилчин, ажил хийх хүн олдохгүй байгаа тухай ч хөндөгдөж байлаа.  

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аж үйлдвэрийн зөвлөл байгуулж бүрэлдэхүүнд нь мэргэжлийн холбоодын төлөөлөл, холбогдох сайд, агентлагийн дарга нарыг оруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжлээ.

Тэрээр “Улс орныг нуруун дээрээ үүрч яваа үйлдвэрлэгчидтэйгээ Засгийн газар байнга эргэх холбоотой ажиллана. Санаа бодлыг нь сонсож, санал, шүүмжлэлийг нь хүлээн авч ажилдаа тусгана” гэв. “Өнгөрсөн 27 жилд улс төр, бизнес хутгалдсан нь бидний алдаа.  Улс төр нь улс төрөөрөө, бизнес нь бизнесээрээ явах ёстой. Ерөнхий сайдын хувьд улстөржихгүй, баялаг бүтээж байгаа бол хэн ч байсан дэмжинэ” гэлээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх