Хүрэн морь буюу “Хийморь” уран сайхны кино мэндэллээ

2019-01-06 03:57   
Хуваалцах Жиргэх

Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн "Хүрэн морь" найраглалаас сэдэвлэн жүжигчин, найруулагч МУСТА Г.Эрдэнэбилэг найруулсан “Хийморь” уран сайхны кино 2019 оны хийморыг сэргээж өчигдөр нээлтээ хийж үзэгчдын мэлмийд хүрэхэд бэлэн боллоо. 

Монголчуудын ахуйн соёл хийгээд Монгол морины хийморь эр хүний сүр сүлдтэй салшгүй холбоотойг харуулж чадсан нэгэн чансаатай уран бүтээл ийнхүү мэндэлж байгаа юм.

Ирсэн бүх зочид үндэсний дээл хувцсаараа гоёсон байлаа. Кино эхлэхээс дуусан дуустал ирсэн зочдын сэтгэлийг сэргээж Монгол хүн болж төрсөнөөр минь бахархуулж, омогшуулж, огшуулж ёстой л нэг хийморь сэргээсэн юм. Найруулагч Г.Эрдэнэбилэг хэлэхдээ "Киногоо гурван жилийн хугацаанд хийлээ. Олон уран бүтээлчдын сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн нэгэн "Хийморь" УСК маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хүрэн морио олон улсын уралдаанд сойж байгаа. Та бүхэн минь сайн ташуурдаад өгөөрэй" гэсэн юм.

Уг бүтээл гурван жилийн турш хийгдсэн бөгөөд 2016 онд тус киноны зохиол бэлэн болсон бол зураг авалтыг өнгөрсөн хоёр зун хийсэн гэдгийг онцолсон юм.

Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид тогложээ. 

Кинонд монголын уран бүтээлчдээс гадна ОХУ, Казахстан, Украйн, Киргизийн мэргэжлийн уран бүтээлчид дүр бүтээсэн нь илүү их өнгө нэмж байсан юм.



Нээлтийн үеэр киноны гол дүрд амьтан, бага насны хүүхэд тоглуулах амаргүй байсныг уран бүтээлчид ярьж байсан юм.

Гол дүрийн эзэн болох Архангай аймгийн Тариат сумын 10 настай Э.Ариунболд хүү нь найруулагч Г.Эрдэнэбилэгийн авгын талын хүүхэд ажээ.

Э.Ариунболд хүү хүрэн морьтойгоо ойлголцож дүр бүтээхийн тулд 3-4 сар хамт морины жүчээнд байжээ.

Киноны хөгжмийг Монгол Улсын Филармонийн симфони оркестр, морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тогложээ. Сүүлийн 20 жилийн түүхэнд манайд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр дуугарсан хөгжимтэй кино хийгдээгүй гэдгийг уран бүтээлчид онцолсон.

Хөгжмийг хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки зохиосон бол киноны дуу оруулалт Холливудад хийгдсэн бөгөөд дууны найруулагчаар Вилли Ален ажиллажээ. 

Нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Э.Ариунболд хүүд тус кинонд хамтран тоглосон хайртай хүрэн морыг нь тайзан дээр гаргаж ирэн найруулагч Г.Эрдэнэбилэг талархснаа илэрхийлж бэлэглэсэн нь үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн юм.

Энэхүү гайхалтай зүйлийг нүдэндээ ч төсөөлөөгүй Э.Ариунболд хүү "Би кино зураг авалт дуусаад гэртээ харисан. Энэ хугацаанд киноныхоо нийт уран бүтээлчдээ үнэхээр их саналаа. Бас хүрэн мориндоо дассан учраас их санасан шүү. Мөн Г.Эрдэнэбилэг ахдаа үнэхээр их баярлалаа" хэмээн баярын нулимс дуслуулж байсан юм. 



М.Дайриймаа


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх