“Жаст” -ын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг “Эрдэнэт” -ийн дансаар дамжуулсан...

2018-02-27 09:36   
Хуваалцах Жиргэх

Сүүлийн жил шахам олны анхаарлын төвд байгаа "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувь, "Стандарт" банкны асуудлаар эрх баригч намын гишүүд мэдээлэл хийсэн. Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд, Т.Аюурсайхан  нар уг хоёр асуудлаар мэдээлэл хийж, улмаар тус асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга  хүргүүлсэн юм.

 

Эрх баригч намын гишүүд анхаарал татахуйц хэд хэдэн ч ноцтой асуудлыг ярьсан. Түүнээс гол гэснийг нь товчлон хүргэвэл...

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Авилгын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй

"Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал ил цагаандаа гарсан цэвэр луйвар. Хууль хяналтын байгууллагууд ийм төрлийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг ямар учраас сунгаад байна вэ. ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн юм байна. Авилгын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Улсын хамгийн том бүтээн байгуулалтыг банканд барьцаалчихсан...

Улсын хамгийн том бүтээн байгуулалтыг хэдэн нөхдүүд банканд барьцаалчихсан. "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаалан зээл авсан асуудлыг АТГ шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг Засгийн газраас өгсөн. Өнгөрсөн 11 дүгээр сарын 17-ны өдрийн Английн Арбитрын шүүх хуралдаанаар "Эрдэнэт"-ийн хөрөнгийг битүүмжлэхээр болсон. "Эрдэнэт" өрөнд орох энэ хэрэг явдал 2009 онд үүссэн. "Эрдэнэт" үйлдвэр нэгэнт баталгаа гаргаж өгсөн нь тодорхой, түүнийг төлөх нь ч тодорхой. Зээлийн хүү өдөрт 800-900 ам.доллараар өсч байна. Жастын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг “Эрдэнэт” -ийн дансаар дамжуулсан. "Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага 10 сая ам.доллар хүртэлх баримтад гарын үсэг зурах эрхтэй байдаг. Түүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах ёстой байтал тэр үеийн удирдлагууд аваагүй байсан. Тиймээс яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт өндөр эрсдэл хүлээхээр байгааг анхаарах хэрэгтэй. Энэ хэрэг таван жилийн өмнө үүссэн ч өнөө хүртэл шийдэгдэхгүй байна. Эцэст нь төр бусдын хариуцлагагүй үйлдлийг өөртөө хүлээдэг газар болох нь. Дөрөвдүгээр сард далд байгаа олон хэргүүдийг ил болгох талаар ажиллана. Надад Ш.Батхүү, Ч.Ганзориг нарийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа юм бишүү гэсэн болгоомжлол бол байна.

Залуу гишүүдийн зүгээс тус асуудлаа Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Гэхдээ тэд өнөөдөр хэлсэн зүйлсийнхээ араас хэр үнэнчээр хөөцөлдөж явж чадах вэ, гэдэг нь бас л эргэлзээтэй. Магадгүй зүгээр л өөрсдөдөө "кок" авах гэсэн мэдэгдэл байхыг ч үгүйсгэхгүй л юм даа. 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх