Л.Эрдэнэ-Очир: Би эмэгтэй “Гамлет”-ээр өөрийгөө сорино...

2018-10-19 03:37   
Хуваалцах Жиргэх

“Black Box” театрын жүжигчин, найруулагч МУСТА Л.Эрдэнэ-Очирыг “Шүүдэр дундуур” уран сайхны кино, “Солиорол” моно драм,  “Хоёр ертөнцийн буудал” жүжиг зэрэг олон уран бүтээлд тоглосноор нь үзэгчид андахгүй. Тэгвэл тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн тод мөрийг үлдээж яваа эрхэм хатагтай У.Шекспирийн "Гамлет" жүжгийг анх удаа монодрам болгон найруулан тавихаар болжээ. Энэхүү нүсэр тавилттай, ажиллагаа шаардсан, алдартай жүжгийг нэг хүн тайзнаа амилуулна гэдэг мэргэжлийнхний болон үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж буй. Тэгвэл ийн тайзнаа эрэгтэй “Гамлет”-ыг амилуулах гэж буй Л.Эрдэнэ-Очирыг энэ удаагийнхаа зочин хойморт урьж, ярилцлаа.

- Урилгыг маань хүлээж авсан танд баярлалаа. Таныг хүмүүс тайз, дэлгэцийн олон дүрээр тань таних ч хувь хүн талаас нь төдийлөн сайн мэдэхгүй байх. Тиймээс та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу...

Намайг урьсан танай сайтын хамт олонд бас баярлалаа. Намайг Л.Эрдэнэ-Очир гэдэг. Ээж, аав хоёр маань Хөвсгөл аймгийн харьяат, би хоймор нутгийн хүүхэд дээ. Анхны урлагийн ажлын гараа маань Монголын үндэсний телевизийн “Мэлмий” студиэс эхэлж байлаа. Тус студийн дэргэд жүжигчний сургалт нээгдээд тэнд нэг жил гаруй хугацаанд суралцаад СУИС-д орсон. 1995 онд СУИС-ийн Кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байгаад хувийн бизнесээ хөөн урлагаас нэлээд хэдэн жил хөндийрсөн. Тэгээд хэсэг завсарласны эцэст урлагтаа эргэн ирж ажиллаад л явж байна даа.

- Таны үеийн СУИС-ийг төгсөгчид ихэвчлэн хошин урлагт хөл тавьсан байдаг. Та яагаад заавал тайз, дэлгэцийн урлагийг сонгосон юм бэ?

Их сургуульд багшилж байсан багш нар, хамт ажиллаж байсан найруулагч нарын маань нөлөө их байсан л даа. Анх намайг талийгаач Б.Бадар-Ууган найруулагч өөрийнхөө шавиар авч байлаа. Дараа нь найруулагч Х.Энхжаргалын гараар орсон. Тэгээд удалгүй алдарт Сугар багшийнхаа шавь болж, мөн Б.Баатар, Ч.Найдандорж, И.Нямгаваа гээд мундаг найруулагч нартайгаа ажиллаж байлаа. Энэ найруулагч нар маань л намайг драмын урлагаараа дагнаж явах бодол, сэтгэхүй суулгаж, нөлөөлсөн болов уу гэж би боддог. Би ч тайзандаа маш их хайртай. Тайз бол хамгийн гоё амьд мэдрэмж байдаг. Тэндээс л уран бүтээлч хүн тэр дундаа жүжигчин хүн сэтгэл ханамжийг авч, уран бүтээлийнхээ чансааг ахиулах, өөрийгөө чадваржуулах эрч хүчийг авдаг. Би тайз, дэлгэц нийлсэн 80 орчим дүр бүтээсэн. Түүнээс дийлэнх нь тайзны дүрүүд байдаг.

- Та сая хувийн бизнесээ хийж хэсэгтээ урлагаас хөндийрөөд эргэн ирсэн гэлээ. Эргэн ирэхэд чухам юу түлхэц болов оо?

Хүүхэд залуучуудын театр маань 2001 оноос үйл ажиллагаа нь зогсож, жүжигчид нь ч тарж бутарч, ихэнх нь зах зээлийн шуурганд өртөж, амьдралаа авч явахын тулд ганзагын наймаанд явж, бизнес эрхлэх болсон л доо. Би ч энэ л жишгээр урлагаа орхисон. Гэвч уран бүтээлээсээ хөндий байх тэр үед байнга л тайзаа бодож, маш их санагдаг байсан. Тэгтэл “ТВ Коктейл” хамтлагийнхан “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжигт тоглох санал тавьсан. Уг жүжигт тоглосны дараа надад уран бүтээлийн санал тасралтгүй ирсэн. Тэгээд л бизнесээ шууд орхиж, урлагтаа эргэж, буцалтгүй орсон доо.

- Та Монголд анх удаа “Гамлет”-ыг моно драм болгон тавих гэж байна. Энэхүү нүсэр тавилттай, ажиллагаа шаардсан, алдартай жүжгийг нэг хүн тайзнаа амилуулна гэдэг мэргэжлийнхний болон үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж байна л даа...

Ер нь бол дэлхийн хэд хэдэн оронд эмэгтэй жүжигчин “Гамлет”-ыг моно драм хэлбэрээр тавьж байсан юм билээ л дээ. Харин Монголд бол би анх удаа тавих гэж байна. Энэ жүжгийн зохиолыг нэлээд хэдэн жилийн өмнө уншиж үзэхэд миний “амьдрал нэг ийм л юм даа...” гэж боддог бодолтой их адилхан санагдсан. Тэгээд би яг л өөрийнхөө бодлоороо “Гамлет”-ыг тогловол гоё болох юм байна даа гэж бодож, битүүхэндээ хорхой хөдөлж, театрынхаа Мяагаа/ Боролдой С.Мягмар/ ахаас асуутал “Болно ш дээ. Уран бүтээлч хүн хүссэн зүйлээ зоригтой хийх хэрэгтэй. Хүмүүс янз бүрээр л хүлээж авах байх. Гэхдээ уран бүтээлч болсныхоо хэргийг гаргая гэж бодож байгаа бол зоригтой барьж авах хэрэгтэй” гэсэн. Тэгээд би нэлээд хэдэн жил бодсоны эцэст ер нь яагаад болохгүй гэж зориглосон нь энэ л дээ.

- “Гамлет”-ийг яг л хэвээр нь тоглох уу, эсвэл өөрчлөлт хийж байгаа юу?

“Гамлет” бол дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил. Тиймээс энэ агуу бүтээлийг тэс өөр болгох бүдүүн зүрхтэй найруулагч, жүжигчин дэлхийд байхгүй байх. Гэхдээ хэлбэр хийц, найруулга, өнцөг, мэдрэмжийн хувьд жаахан өөрчлөлт хийсэн. Агуулга, утга санаа бол хэвээрээ байна. Түүнийг хэн ч өөрчилж чадахгүй, зүрхлэхгүй шүү дээ.

- Тэгвэл шинэ эмэгтэй Гамлет өмнө нь олон түмэнд танигдсан эрэгтэй Гамлетыг давж гарч чадах болов уу?

Давах, давахгүй нь гол биш л дээ. Би Монголд Гамлетыг амилуулсан эрчүүдээс яаж ч байсан илүү гарч тоглоно гэж огт зорьж бодоогүй, хүсээ ч үгүй. Зүгээр л миний гэсэн Гамлет л гарч ирээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл энэ удаагийн Гамлетаар би зүгээр л уран бүтээлч хүнийхээ чадал чадварыг соръё бодсон. Нөгөө талаар миний ажилладаг “Black Box” театрын хамт олон 5-6 жилийн хугацаанд 18 жүжиг дээр ажилласан. Манай театрын дарга С.Мягмар ах бид бүгдийг өөрийн гэсэн моно жүжигтэй болгож, уран бүтээлийн жинхэнэ эрх чөлөөг утгаар нь олгосон буянтай хүн. Энэ бол үнэхээр бидэнд өгсөн үнэлж баршгүй ач гавьяа. Тиймээс би тэр их сэтгэлгээнд минь өгсөн үр өгөөжийнх нь ачийг эргүүлж хариулах, театртаа юу сурснаа эргэж үзүүлэх гэж энэ “Гамлет”-ийг тоглож байгаа юм. Түүнээс хэн нэгнээс давах гэж тоглож байгаа юм биш шүү.

Би СТА цолноосоо их санаа зовдог...

- Моно жүжиг ер нь жүжигчин хүнээс хэр их ур чадвар шаарддаг юм бэ?

Манайд нэг хүний жүжиг буюу моно драм төдийлөн өндөр хөгжөөгүй, хүмүүс тэр болгон үздэггүй, мэддэггүй төрөл л дөө. Сүүлийн хэдэн жил л цөөнгүй жүжигчид моно жүжигтэй болж, гадагшаа явж тоглодог болсон. Ганцаараа бүтэн цаг гаруй турш тоглодог моно драм бол жүжигчин хүнээс маш их тэвчээр, ур чадвар, хүч, хөдөлмөр шаарддаг. Бүтэн нэг жүжиг дээр бичигдсэн бүхий л үйл хөдлөлүүдийг ганц хүн илэрхийлнэ гэдэг маш хүнд байдаг. Тухайлбал ганцаараа уйлж байснаа инээх, шаналж зовж гэнэт баяр баясгалантай төрх рүү шилжих гээд олон үйлдлүүдийг нэг дор гаргадаг. Тэр ч утгаараа жүжигчин хүнд их өгөөж өгч, мэргэжлийн хувьд хөгжиж, ахиц хийхэд маш том тулгуур болдог. Нөгөө талаас Моно драм нь хувь хүний өөрийнх нь уран бүтээл болчихдог учир дураараа өөрчилж, хэд хэдэн хувилбараар тоглох, бусдаас хамаарахгүй, сэтгэлгээний ямар нэгэн харцаганд орохгүйгээр өөрийнхөөрөө бодож, сэтгэх боломжийг олгодог давуу талтай.

- “Гамлет” жүжгээ хэр удаан бэлдсэн бэ. Хэдийгээр ганцаараа тоглох ч таны ард нэлээд олон хүн ажиллаж байх шиг байна...

Тэгэлгүй яах вэ. Би ганцаараа тоглох ч миний ард хөгжмийн зохиолч, зураач, дууны инженер, найруулагч, маркетинг, тайзны гэрэл дуу, хувцас дизайнер гээд 30 гаруй хүн ажиллаж байна. Нэг бүтэн драмын жүжиг яаж босдог яг тэр хэмжээнд л энэ моно драм бүтэж байгаа. Багаа бүрдүүлээд яг жүжгээ бэлтгэж эхэлснээс хойш хоёр сар болж байна.

- Хоёулаа нэлээд уран бүтээл ярилаа. Одоо таны хувь хүний талаар ярилцъя. Та гэр бүлээ танилцуулаач...

Эгчийгээ уучлаарай. Хувийн амьдралынхаа талаар ярих дургүй байдаг юм.

- Тэгвэл таны хувь хүний араншинг сонирхож болох уу. Бүтээсэн дүрүүд тань ихэвчлэн эршүүд, нэлээд ширүүн, хурц ааштай дүр байдаг. Та ер нь тэр дүрүүдтэйгээ хэр ойролцоо зан чанартай хүн бэ?

Тэр харин болно шүү. Намайг харин бүтээсэн дүрүүдээс болдог юм уу, эсвэл хоолойн өнгө, дүр төрхөөс ч дүгнэлт хийдэг ч юм уу, их л эршүүд гээд байдаг юм. Зарим нь “Эмэгтэй Цэрэнболд...” гэж ч байх шиг/инээв/. Түүнээс уг нь би чинь их зөөлөн, эмэгтэйлэг хүн ш дээ. Надад бас дандаа л тиймэрхүү дүрийн санал ирчих юм л даа/инээв/.

- Дүрийн санал гэснээс жүжиг, киноны саналуудад хэр цензүртэй ханддаг вэ?

Сүүлийн үед адил төстэй дүр бүтээхээс татгалзаж байгаа. Учир нь ижилхэн ааш араншинтай дүрийн саналууд надад нэлээд ирдэг. Тиймээс өмнө нь бүтээсэн дүртэйгээ төстэй саналыг бол хүлээж авахгүй байгаа. Нээх олон ижилхэн дүрүүд болчихвол онцгүй биз дээ...

- Та чинь нэлээд хэдэн жилийн өмнө “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг авсан байх аа. Энэ шагналын нэр хүнд бол “навс” уначихсан шүү дээ. Таны хувьд ямар бодолтой явдаг бол...

Үнэндээ би энэ шагналаасаа маш их санаа зовдог. Энийг урлагт ажиллаж байгаа нэртэй болгон л өнөөдөр энгэртээ зүүчихсэн явж байгаа. Энэ утга учиргүй олон шагнал чинь хийж байгаа ажлын үнэ цэнийг юу ч үгүй болгочихоод байна шүү дээ. Би бас харьцангуй шагналын үнэ цэнэ унаагүй байх үед СТА цол авсан л даа. Тэгсэн одоо бол зүүхээс ичдэг. Уг нь энэ чинь бүхэл бүтэн нэг улсын Засгийн газрын шагнал шүү дээ. Энэ шагналыг бидний ахмад үеийнхэн насаараа ажиллаж, амь амьдралаа золиосолж, асар их хөдөлмөрлөж байж бурхан болохынхоо өмнө авдаг байсан. Гэтэл жил ирэх бүр үнэ цэнгүй болж байгаад их харамсдаг.

- Тэгвэл та мэргэжлийн бус хүн кинонд тоглоод байгааг юу гэж боддог вэ?

Урлаг бол өнгөц харахад хэн дуртай нь хийж болмоор санагддаг салбар. Хэн дуртай нь ч хийж болно. Гэвч цаг хугацааны явцад хэн бэ гэдэгт нь урлаг өөрөө шалгуураа тавьчихдаг юм. Өөрөөр хэлбэл хэсэг хугацааны дараа чамайг урлагт үлдэх мөн үү, үгүй юу гэдгийг урлаг өөрөө шүүгээд өгчихдөг. Урлаг бол хүнээс маш их золиос шаарддаг салбар.

- Таниас ч бас нэлээд золиос шаардсан байх шүү. Юу гэхээр та “Шүүдэр дундуур” уран сайхны киноны зураг авалтад оролцох явцдаа автын осолд орж, их хүнд бэртсэн санагдана. Одоо таны бие гайгүй болсон уу?

Одоо зүгээр болсон. Тэр яг зураг авалт дундуур санармсаргүй л юм болсон л доо. Хөл, хамар гээд ёстой аймаар хугарсан. Киноны зургаа дуусгаж чадалгүй хэсэг хугацаанд хэвтэрт орсон. Гэхдээ зураг авалтынхаа дийлэнхийг аввхуулсан байсан учир манай найруулагч, зураглаач Б.Отгонзориг маань өөрийн уран чалвараар миний дүрийг нөхөөд бүтэн болгоод гаргасан даа. Осолд орсоны дараа дахин тайзнаа гарч, үзэгч олонтойгоо уран бүтээлээрээ эргэн мэндчилэхийн тулд БНСУ-д 60 сая төгрөгийн өртөгтэй хамрын мэс засалд орох зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс эмчилгээний зардалаа олохын тулд “Black Box” театрынханыхаа дэмжлэгээр Сара Кейний "Солиорол" моно драмыг тоглож байлаа.

- Таны нэр их өвөрмөц, содон нэр. Магадгүй танаас өөр Эрдэнэ-Очир гэдэг нэртэй эмэгтэй хүн Монголд байхгүй байх шүү...

Ёстой байхгүй байх аа/инээв/. Сургуульд байхад хүүхдүүд эрэгтэй хүний нэртэй гээд шоолохоор гомдоод уйлдаг байлаа. Харин том болоод юмны учир мэддэг болсон хойноо харин ч баярласан. Эрдэнэ-Очир гэдэг нэрний маань утга учир нь юунд ч дийлдэшгүй бат бөх, цэвэр тунгалаг байх, бүхий л талаасаа сайн сайхан байх гэсэн гоё бэлгэдэл агуулдаг. Бас дэлхийн хамгийн үнэт эрдэнэ алмазыг очир гэдэг шүү дээ. Тиймээс би нэрэндээ их хайртай. Энэ нэрийг ээж, аав маань намайг төрхөөс өмнө өгөхөөр бэлдсэн байсан гэдэг. Хүүхэд тогтохгүй болохоор тогтоох гэж сүсэглэж өгсөн юм билээ л дээ.

- Та жүжигчинээс гадна найруулагч хүн. Цаашид ер нь кино зохиол бичиж, найруулах бодол бий юу?

Манай “Green entertainment”-ийн хувьд цаашдаа тайзны ч, дэлгэцийн ч уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Хүмүүст Энхүүш нэрээр танил болсон манай интертайментийн захирал С.Баасанжаргал бид хоёр өнгөрсөн жилийн хугацаанд 3-4 кино зохиол бичиж дуусгасан байгаа. Удахгүй киногоо бүтээх бодолтой байна. Харин өөрөө найруулах, эсхээ тухайн үед нь л шийдэх байх даа.

- “Гамлет” жүжгээ олны хүртээл болгосныхоо дараа хилийн чанадад уран бүтээлээ хүргэх үү?

Тийм мөрөөдөл бол байна. Яагаад мөрөөдөл гэж хэлж байна гэхээр уран бүтээл маань хараахан олонд хүрээгүй байна. Тиймээс Монголынхоо үзэгчдэд моно драмаа тоглож үзүүлснийхээ дараа яах аа шийдэх байх. Гэхдээ “Гамлет” жүжгийг эмэгтэй хүн моно драм болгон найруулан тавих сургаар гаднынхан нэлээд сонирхож асууж байна.

- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Удахгүй болох тоглолтод нь мөн цаашдын уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөе...

Их баярлалаа. Та бүхний ажилд бас өндөр амжилт хүсье.

Ярилцсан: С.Мөнхжаргал


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх