Н.Энхбаяр: Надаас битгий айгаач ээ, гэж гуймаар байна...

2018-02-21 08:29   
Хуваалцах Жиргэх

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр хэмээх хүний Монгол төрийн орон зайд үлдээсэн байр суурь туйлын өндөр. Өдгөө ч түүний нөлөө төрд багагүй бий гэдэгтэй олон судлаачид санал нийлдэг. Ямартаа л Саарал ордноор шагайгаад гарахад л салхи сэвэлзүүлчихдэг гэж байх вэ дээ. Бидний нэрлэдэгээр тэр хэзээ ч моодноос гардаггүй, улстөрд үргэлжийн “Номер 1” хүн. Түүнийг бид Сар шинийн баярын өмнөхөн буюу МАХН-ын их хурлын дараа урьж, ярилцсан юм.

  • Бидний урилгыг хүлээж авсан танд гялайлаа. Юуны өмнө МАХН-ын даргаар улиран сонгогдсон танд баяр хүргэе?

Манай намын чуулганд оролцсон 1044 төлөөлөгч маань 100 хувийн саналаар намайг сонгож итгэл үзүүлсэнд баяртай байна. Энэ олон гишүүдийнхээ итгэлийг дааж ажиллах болно.

  • Долоон жилийн дараа болсон намынхаа их хурлын үр дүнг дүгнэж хэлбэл...

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд манай нам их хурлаа хийгээгүй. Яагаад гэвэл байдлаар бидэнд хурал хийх бололцоо их муу байсан.  Тиймээс бид нарын хувьд удаан хүлээсэн хурал болсон л доо. Хэдийгээр удаан хугацаанд бид хуралдаагүй ч, манай намын хамт олон энэ хурлаа сайхан хийхээр Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцсон 1100 орчим төлөөлөгч МАХН-ын үйл ажиллагаа, зорилго, зорилтыг сонсч, санаа бодлоо шийдвэрт тусгуулан, эргээд сум, орон нутагтаа очиж сурталчлах учиртай. Гол сурталчлах асуудлын нэг нь МАХН-ын гишүүд, эрдэмтдийн боловсруулсан Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл юм. Хоёрдугаарт шинэчлэн найруулсан Мөрийн хөтөлбөр, дүрмээ баталж, туг, сүлдэндээ өөрчлөлт орууллаа. Энэ бүх шийдвэрээ төлөөлөгчид ард иргэддээ очиж танилцуулна. Мөн хурлаар МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөгийн нөхцөл байдлаас улс орноо гаргах боломж гарцыг харж, ярилцсан. Ямар гарц байна гэвэл байгалийн баялгийг ард түмэндээ өгөх, хараат бус шүүх засаглалтай болох, хоёр танхимтай парламенттай болж, намын жагсаалтаар болон нам бус хүмүүсийн дундаас нэр дэвшиж сонгодог байх зэрэг өөрчлөлт хийж болно. Нам бус гишүүдээс бүрдсэн Үндэсний их хурлаа Улсын бага хурлаараа хянадаг, ёс суртахууны болон эрүүгийн хэрэгт холбогдвол хариуцлага тооцдог болох юм. Мөн дээд боловсрол, залуу гэр бүлийн орон сууцыг үнэ төлбөргүй болгох зэрэг асуудлыг тусгасан үнэхээр ирээдүйтэй, гарцтай Шинэ дээд Үндсэн хуулийг Их чуулганаараа хэлэлцэж, төлөөлөгчид ч дэмжин сайшааж тогтоол гаргалаа. Одоо ард иргэддээ өргөн барьж, гарын үсэг зуруулахад бэлэн болж байна.

  • Намын даргаас гадна намын бусад удирдах гишүүдийг сонгосон. Удирдлагуудын зүгээс ямар чиг, зарчим барьж ажиллах вэ?

МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тулгыг сонгосон. Бид Их чуулганаараа Үндсэн хуулийн өөрчлөлт, түүхэн ач холбогдол болон намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Төрийн үйл ажиллагааны гол гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Бид ард түмний гарын үсгийг цуглуулна. Байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ. Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа. Энэ бүхэн Үндсэн хуульд тусаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна. У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ зарчмыг л намын удирдлагууд бид нэг санаа бодолтойгоор барьж ажиллана.

  • “МАХН хоёр хуваагдлаа, дотооддоо хагарал үүссэн, О.Баасанхүүг тантай “дайн” зарлалаа” гэх мэтээр хүмүүс ярьж байгаа. Та тахиад намын дарга боллоо. Нам дотор ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ?

Манай намд ямар ч хагарал бутрал байхгүй гэдгийг саяны Их чуулганаас харсан биз дээ. Намын даргын хувьд, энэ албан тушаалд дахин сонгож, ард түмэндээ итгэл төрүүлж, тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх даалгавар өгсөн намынхаа гишүүдэд дахин баярлаж талархсанаа илэрхийлж байна. Хэрэв дахиад өмнө нь туулсан шигээ хүнд хэцүүг туулах ёстой бол би даван туулна. Гэхдээ заавал ингэхгүйгээр улс орныхоо ирээдүйн төлөө МАХН шинэ Үндсэн хуулийг баталж, өнөөгийн нөхцөл байдлаас улс орноо аврахыг уриалж байна. Бид энэ хуулийг өмчлөхгүй. Бүх намуудад санал тавьж, хамтдаа хэлэлцэн, энэ их үйл хэргийг өрнүүлэн, богино хугацаанд баталж, улс орноо өөд нь татаж, ард түмэндээ туслан, гайхамшигтай Монгол орныг бүтээе гэж уриалж байгаа юм. Харин энэ Үндсэн хуулийг батлахгүй, харсан ч хараагүй юм шиг байж, ард түмэнд танилцуулахгүй байя гэвэл Монголын ирээдүйд эргэлзэж, гэрэл гэгээтэй болгохыг эсэргүүцэж байна гэж үзэн таслан зогсооно. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ хамтарч ажиллана гэдэг чухал. Хүссэн хүн бүртэй иргэд хамтарч ажиллахгүй. Харин зовлон жаргалыг мэддэг, шийдэх гарцыг зөв олж харсан нам, хүнтэй хамтарч ажиллана. Бидэнд бусад намуудтай харьцуулахад илүү давуу бодлого, туршлага, сэтгэл байгаа цагт хамтарч ажиллана гэж бодож байна. Монгол Улсад тулгамдаж байгаа бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө өөрт байгаа мэдлэг боловсрол, ёс суртахуунаа зориулна гэж бодож байна.

О.Баасанхүү би болоод манай намынхны хувьд яриад байх асуудал биш...

  • Та хувь хүний хувьд О.Баасанхүү гишүүний талаар ямар бодолтой байгаа вэ?

Би болоод манай намынхан тэр хүний талаар ямар ч бодолгүй байгаа гэхэд болно. Яагаад гэвэл тэр яриад байх ч асуудал биш л дээ.

  • Яагаад... О.Баасанхүү гишүүн намаасаа гарвал МАХН УИХ-д суудалгүй болчих юм биш үү?

МАХН албан ёсоор УИХ-д суудалтай нам хэвээр байгаа. Харин УИХ-д сууж буй төлөөллийг өөрчлөх үү, гэдэг бол дараагийн асуудал. Тэр хүн бие дааж гарч ирээгүй. Орхон аймгийнхан МАХН-д санал өгсөн. Тийм учраас МАХН УИХ-д суудалтай нам.

  • Оны өмнө О.Баасанхүү гишүүн МАХН-ын Их хурал хэмээн зарлаж, танай намынхан Төрийн ордонд хуралдсан шүү дээ. Тэр хурлын талаар та юу хэлэх вэ?

Би тэр хурлын талаар ямар ч тайлбар хэлмээргүй байна. Хэлээд байх шаардлага ч үгүй. Яагаад гэвэл тэр жинхэнэ хурал биш. Би саяхан Их хурлаа хийлээ шүү дээ.

  • Та болоод танай намынхан Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл гэж маш их ярьж байгаа. Аль 1992 оны үндсэн хууль үе ээ өнгөрөөчихсөн гэж олон хүн үзэж буй. Тэгвэл та бүхний яриад байгаа шинэ үндсэн хууль одоогийн хуулиас чухам юугаараа онцлог юм бэ?

МАХН улс орныг хөгжүүлэх зөв гарцтай, алсын хараатай нам. Бидний алсын хараа бол Шинэ дээд Үндсэн хууль байна. Үүнийгээ ард түмэнтэйгээ хамтран баталж, хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм. Энэ Үндсэн хууль батлагдсан цагаас Монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус, сонгууль шударга болно гэх зэрэг бидний хүсэн хүлээж буй зүйлс амьдралд хэрэгжинэ.

  • Гэхдээ миний хувьд л гэхэд таны ярьсан зүйл үндсэн хууль бус харин аль нэг намын хөтөлбөр шиг санагдлаа л даа?

Нам бүр иймэрхүү зүйлс ярьдаг ч үнэн хэрэгтээ хэрэгждэггүй. Яагаад гэвэл Үндсэн хуулиндаа тусгаагүй учраас тэр. Өнөөдрийн Үндсэн хуульд үнэгүй боловсрол, эрүүл мэнд, залуу гэр бүлийн орон сууц олгох, байгалийн баялаг ард түмний дундын өмч байх, шүүх хараат бус байж, ард түмнээс сонгох гэх зэрэг талаар нэг ч зүйл байхгүй. Тийм учраас шийдэгдэхгүй байгаа юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд хэн нэгэн даргыг муулаад, аль нэг намыг хараагаад явахгүй. Намууд угаасаа Үндсэн хуульд тийм зүйл заалт байхгүй учраас хэрэгжүүлж чадах ч үгүй. Тийм учраас Үндсэн хуульд тусгаж өгөх нь хамгийн зөв гарц гэдэгт бид 100 хувь итгэлтэй байгаа. Намынхан дотроо итгээд зогсохгүй ард иргэддээ итгүүлмээр байгаа юм. Иргэд хүнд хэцүүтэй тулгарсаар байгаад аливаад итгэх итгэл алдарсан, идэвх санаачлагагүй болсон. Энэ идэвх, санаачлагыг сэргээмээр байна.

  • Та сая Шинэ үндсэн хуульдаа боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцыг үнэгүй олгоно гэлээ. Гэтэл өнөөдөр манай улсын төсөв цалингаа ч цаг хугацаанд нь тавьж чадахгүй байдалд хүрчихээд байгаа шүү дээ?

Байгалийн баялаг ард түмний гарт очвол үнэгүй орон сууц, боловсролыг авч болно. Хамгийн бүдүүлгээр хэлэхэд Тавантолгойн орд таван тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Нүүрсний үнийг хамгийн багаар буюу 20 ам.доллар гэж бодоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө Тавантолгойд байна. Тэгвэл Монголын бүх айлыг буюу 450 мянган өрхийг нэг мкв нь 1000 ам.доллар бүхий 50 мкв орон сууцтай болгоход 24 тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм боломж бололцоо байна. Гэтэл МАН, АН-ынхан хамтарч ажиллаж байгаад өнөөдөөр 24 тэрбум ам.долларын өр тавьчихаад байна. 450 мянган айл өрхийг орон сууцтай болгох хөрөнгөөр юу ч хийгээгүй байна. 200 мянган оюутны төлбөрийг төлөхөд жилд 200 сая ам.доллар болно. “Оюутолгой”, “Эрдэнэт”-д үүнээс ч илүү нөөц бий. Тиймээс Үндсэн хуульд суулгавал энэ бүхэн хэрэгжих бүрэн боломжтой гэсэн үг.

  • Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад, ард иргэдээр хэлэлцүүлэн, УИХ-ын Хаврын чуулганд өргөн барихад бэлэн болсон байгаа шүү дээ?

Тэр хуулийн төсөлд туссан зүйлсээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг маш учир дутагдалтай оролдлого гэдгийг би МАН, АН-ынханд аль алинд нь хэлсэн. Яагаад гэвэл тэнд үнэгүй боловсрол, эрүүл мэнд гээд миний дурдсан зүйлс нэг нь ч тусаагүй. Юу туссан гэвэл Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасъя гэж байна. Тийм юм хөөцөлдөх, цаг хугацаагаа зарцуулах хэнд хэрэгтэй юм бэ. Түүнийг сурталчилж, мөнгө зарцуулаад яах юм бэ. Хоёрдугаарт УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн Засгийн газар дэмжээгүй саналыг Улсын төсөвт оруулж болохгүй гэж байна. Тэгэхээр Засгийн газрын бүрэн хараат байдалд орохоор байгаа юм. Тэгвэл тэр УИХ-ын гишүүн яах гэж сонгогдсон байх вэ. Иймэрхүү маягаар эрх мэдлийг зарим газарт бууруулсан, заримд нь нэмсэн, ард түмэн УИХ-ын хоорондын ан цавыг улам нэмэгдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийг битгий хийгээч гэж ний нуугүй хэлж, шүүмжилж, гуйж аргадах гэж оролдож байгаа. Иргэдээ гэсэн сэтгэл байвал ийм гоомой юм хийхгүй байх. Хэрэв хийе гэвэл бидний бэлдээд өгсөн Шинэ Үндсэн хуулийн төсөл байна. Үүнийг бид өмчлөхгүй, илүү сайжруулбал бид дэмжинэ. Харин муутгаж болохгүй.

  • Нээрээ та шинэ Үндсэн хуульдаа “Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байна” гэсэн заалт оруулсан нь их сонирхолтой санагдсан. Яагаад тийм заалт оруулсан юм бэ?

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг харин ч нэмэгдүүлэх учиртай. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж, амласан амлалтаа биелүүлэх ёстой. Засгийн газар ч тэр, Ерөнхийлөгч ч тэр сонгогдох гэж амлалт өгдөг. Аль аль нь биелүүлэхгүй орхиод байна. Тийм учраас амлалтаа заавал биелүүлдэг хариуцлагатай албан тушаалтан бий болгохын тулд Шинэ дээд Үндсэн хууль цорын ганц зөв гарц болно. Сайн хүнийг хүлээхээс илүү сайн Үндсэн хуультай болох ёстой.

  • Та сая Ерөнхийлөгчийн эрхийг харин ч нэмэгдүүлэх ёстой гэлээ. Тэгвэл таны бодлоор Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих нь ямар сөрөг үр дагавартай юм бэ?

Одоогийн Ерөнхийлөгч юу ч хийж чадахгүй, хамаг гар хөлөө хүлүүлчихсэн аятай л байгаа биз дээ. Ганц үүрэг нь л одон медаль гардуулах. Сүүлдээ бараг тэрийг нь хураагаад авах нь байна ш дээ. Ерөнхийлөгчийн эрхийг нэмэгдүүлэх хамгийн зөв гарч бол Шинэ дээд үндсэн хууль.  Өөр гарц байхгүй.

  • Төрийн тэргүүний эрх гэснээс нээрээ өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар таны нэр дэвших эрхийг бараг л хүчээр хаачих шиг болсон. 2020 онд яах бол...Та юу гэж бодож байна вэ?

Харин тийн ш дээ. Надаас айгаад л тэгж байхгүй юу. Би нөгөө хэдэн нөхдөөсөө “Надаас битгий айгаач ээ, шударга өрсөлдөөч ээ, ард түмэнд сонгох эрхийг нь өгөөч ээ” гэж хэлмээр байна.

  • Хоёулаа нам, улстөр нэлээд ярилаа. Одоо таны хувийн амьдралын талаар ярилцах уу?

Ах нь хувийн амьдралынхаа талаар яримааргүй байна. Олон талаар зочноосоо асуулт асууж, дэлгэрэнгүй ярилцлага хийх нь сэтгүүлч та нарын ажил, гол үүрэг нь гэдгийг сайн мэдэж, зовлонг нь ойлгож байна. Гэхдээ миний дүү ойлгоорой, ах нь ер нь хувийн амьдралаа ярьдаггүй. Тэгээд ч ер нь хувийн амьдралаас илүү хувьсгалын ажил нь хүмүүст чухал, хэрэгтэй шүү дээ.

  • Тэр ч тийм байх шүү. Цаг зав гарган ярилцсан танд гялайлаа...

За баярлалаа. Дүү нарынхаа ажилд бас өндөр амжилт хүсье...

Ярилцсан: С.Мөнхжаргал


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

сана 202.179.25.230 / 2018-03-11 08:01

муу муухай бүхний суурийг тавьсанд хамаг буруу байгаа юм

иргэн 202.70.36.154 / 2018-03-09 09:41

Ямар ч байсан тухайн үедээ Их өрийг тэглэж Зээлжих зэрэглэлийг ахиулж чадсан нь л үнэн юм даг.Бас ч гэж Монголчууд илүү гэгээлэг хүсэл мөрөөдөлтэй байж дээ.

ЗОЧИН 64.119.18.231 / 2018-02-23 06:45

төрд хэрэгтэй лидёр мөн ард түмэнд хэрэгтэй

дэмжиж байна экс 64.119.18.231 / 2018-02-23 06:44

үнэн шүү төрд байсан байгаа хулгаач наймаачид өөрсдөөл хар хор найруулсан болхоос энэ хүн хор найруулаагүй шүү энэ хулгаачид айх юмтай луйварчидаа тод батлаад байдаг штээ н энхбаяр гэдэг хүн хэзээч энэ ноход шиг биш гэдэг нь ил тод харагдаж байдаг

МОНГОЛ ХҮН 64.119.18.231 / 2018-02-23 06:38

ЭКС ХҮН ЧАНАРТАЙ ЖИНХЭН УЛС ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙСАН АРД ТҮМНЭЭ ЭВТЭЙ БАЙВАЛ ХҮЧТЭЙ ГЭЖ ЭВИЙГ НОМЕР НЭГТ ТАВИЖ БАЙСАН ЁРӨНХИЙЛӨГЧ ОДОО ЭНЭ ХЭВЭЭР ХҮНД ЭНЭ ХҮН МУУ САНААД ЯВАДАГГҮЙ ХҮН ЭЛБЭГДОРЖ ШИГ Л БИШ ТЭС ӨӨР ХҮН АРД ТҮМЭНТЭЙ ХҮН ГЭДЭГЭЭ ОДООЧ БАТЛАН ХАРУУЛЖ ЯВАА ШУДАРГА ЭР ХҮН ЭНЭ НОХОД ШИГ Л ӨР ЗЭЭЛ ЭХ ОРОНОО ЗАРААГҮЙ ХҮН ХЭН НЬ ХЭН ГЭДЭГИЙГ УЛАМ ИЛҮҮ МЭДЭЖ БАЙГАА АРД ТҮМЭН БИД ТЭНЭГ БИШ БОЛХООР АМЖИЛТ ХҮСЬЁ ЭКС ЁРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯР ДАРГАД

Дуг 202.9.41.118 / 2018-02-21 13:45

ЯАХ гээд л баыдаг юм нэг л өс хонзон өврөлсөн л хүн..1000 гаруй дэмжигч чинь монголын хэдэн хувь бэ