Олимпийн бамбар аялуулах аянд робот оролцоно

2017-12-06 07:44   
Хуваалцах Жиргэх

Өмнөд Солонгос улсын Пёнгчанг хотод 2018 оны 2-р сарын 9-25-ны өдрүүдэд 23 дахь удаагийн Өвлийн Олимп зохион байгуулагдах гэж билээ.

   Олимпийн бамбарыг 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн олимпийн нээлт эхлэх өдөр хүртэл Солонгос улсын бүх орон нутгаар 2018 км зам туулан, 7500 хүний гар дамжуулан аялуулах ба өнөөгийн байдлаар  36 дахь хоногтоо Жүнгнам аймагт аялж яваа юм байна.

    Харин 11-ний өдөр Тэжон хотод аялан очих бөгөөд энэ үеэр тус хотод байдаг КАИСТ буюу Солонгосын Шинжлэх ухаан, технологийн сургуулийн оюутнууд олимпийн бамбарыг роботоор бариулан аялуулахаар болжээ.

    Роботын нэрийг Хюбо гэдэг ба робот олимпийн бамбарыг барьж 200 метр явж, дараагийн хүнд шилжүүлэн өгөх юм байна.

     Ингэснээр Өмнөд Солонгос улс нь дэлхийн олимпийн түүхэнд анх удаа олимпийн бамбарыг аялуулах аянд робот оролцуулсан хэмээн бүртгэгдэж байгаа ажээ.

    Хюбо робот 2015 онд дэлхийн роботын АШТ-нд тэмцээнд түрүүлж 2 сая доллараар шагнуулсан бөгөөд 120 см өндөр, 55 кг жинтэй, хамгийн ихдээ 3,6 км/цагийн хурдтай явах чадалтай, нэг удаад 41 үйлдэл зэрэг хийх чадвартай юм байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх