ГЭР БҮЛ СУДЛААЧ, СЭТГЭЛ ЗҮЙЧ Л. НАРАНТУЯА: ГЭР БҮЛ БОЛООД ХҮҮХЭДТЭЙ БОЛСОН БОЛ БИ ГЭЖ БАЙХГҮЙ БИД Л БАЙНА

2017-11-09 03:49   
Хуваалцах Жиргэх

Гэр бүл судлаач, сэтгэл зүйч Л.Нарантуяа олон жил гэр бүлийн харилцааг судалж хүмүүст гэр бүлийн аз жаргалтай харилцааг хэрхэн бий болгох талаар зөвлөгөөг хүргэдгээр нь бид сайн мэднэ. Түүний туурвисан оюуны бүтээлүүд гэрийн эзэгтэй нарын гарын авлага болдог гэхэд хэлсдэхгүй.  Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа нэг том асуудал бол гэр бүл салалт болоод байна. Бид энэ асуудлын талаар мэргэжлийн хүнээс нь тодруулж уншигчиддаа хүргэхийг зорилоо. Ингээд та бүхэнд ярилцлагаа хүргэж байна. Сэтгэл зүйч Л.Нарантуяа гэр бүлийн харилцааг  27 жил судалсан туршлагатай судлаач юм.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа. Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.

Монголын нийгэмд гэр бүл салалт тулгамдсан асуудал болчихоод байна . Судалгаанаас харахад шинээр гэр бүл болж байгаа залуучууд 1-3 жил гэр бүлийн тогтвортой харилцаатай байж байгаад түүний дараагаас салах нь их байна. Гэр бүл салалтын гол хүчин зүйл нь юу байна вэ? Энэ талаар мэргэжлийн хүнээс нь тодруулмаар санагдлаа.

Гэр бүл салалтын талаар ярихад олон хоног, олон цаг зарцуулна л даа. Маш олон шалтгаанаар гэр бүлүүд салж байна. Хосуудын хувьд салах шийдвэр гаргана гэдэг баяр хөөртэй, бахархууштай  үйл явдал биш шүү дээ. Их зовлон гунигтай, сэтгэл зүрхийг шархлуулдаг, үр хүүхдүүдийг өнчрүүлдэг, хүнийг ганцаардал болон сэтгэл санааны гутралд оруулдаг асуудлын талаар ярих гэж байгаа учраас энэ талаар их болгоомжтой ярих хэрэгтэй болов уу. Ер нь гэр бүлийн тухай яриа бүр хүмүүст ухаалаг, гэгээн бодол төрүүлэх зорилготой байх ёстой гэж боддог.

Нэгт, гэр бүл салалтыг дээд төвшнөөс нь харвал төр засгийн бодлого 27,28 жил хүндээ чиглээгүй явсны үр дагавар. Хоёрт, эцэг эхчүүд хүүхэд төрүүлчихээд төрүүлсэн хүүхдээ 18 нас хүртэл нь “Ирээдүйд чи хэн байх вэ” гэдэг зан араншингийн сайн төлөвшил, эерэг дадал зуршил муу олгож байгаагийн буруу юм. Тэгэхээр төр засгийн ч буруу, эцэг эхийн ч буруу гэсэн үг. Гуравт, эцэг эхчүүд сүүлийн 27,28 жил охин хүүхдээ академик, дэлхийн шинжлэх ухааны боловсролоор нэлээн чадваржуулж байна. Тэр чадвар нь эмэгтэй хүнийг мөнгө олох, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх боломжуудыг нээлттэй бүрдүүлж өгч байна. Харин эрэгтэй хүмүүсийг социалист нийгмийн үе шиг хэн нэгэн тушаал заавар өгөхөд түүнийг заавал биелүүлэх ёстой гэсэн явцуу сэтгэхүйгээр хандаад байна. Их дээд сургуульд сурч байгаа хүмүүсийн хүйсийн харьцааг харахад 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Зөвхөн эмэгтэйчүүд л сурч боловсрон дэлхийн төвшинд хөл нийлүүлээд эрэгтэйчүүд нь академик боловсрол муу эзэмшиж оюун ухаанаа хөгжүүлэхгүй байгаа байдал нь хүйсийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байна. Тэр хэмжээгээрээ хүмүүс ч сэтгэхүйн хувьд өөр болж байна.

Тэгэхээр нэг талаасаа эрчүүд нь эмэгтэйчүүддээ сэтгэхүйн хувьд гологдоод байна гэсэн үг үү?

Эрэгтэй хүн өвөг дээдэс удам судартаа үйлчлэх ёстой. Эмэгтэй хүн нөхөртөө үйлчлэх ёстой. Энэ 2 үйлчилгээний зан үйлийн ёс нь алдагдчихсан байна. Эрчүүд хүчирхэг байхаа болиод газар нутгаа хамгаалж, удам судраа дээдэлж чадахгүй байна.Эрчүүд нь эрчүүд шиг байж чадахгүй болохоор эмэгтэйчүүд нь дэргэд нь 2-3 жил л тэсэж байна шүү дээ. Эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү ухаан, сэтгэл гараад хариуд нь нөхрөөсөө үнэнч байдал хүлээгээд ирэхгүй байхаар нэг талаараа монжуулаад байна. Тийм болохоор бүсгүйчүүд салах шийдвэр гаргаж байна.

Манай эмэгтэйчүүд нийгэмд сайн ажил хийх ёстой, үр хүүхэд төрүүлснийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэдэг дээр тархи нь цэнэглэгдээд эрчүүдээсээ илүү бүтээгчээр сэтгэж байна. Эрчүүд нь болохоор ажил олдохгүй байна, цалин хүрэлцэхгүй байна гэж аливаад шантарч тэр бухимдлаа эхнэртээ гаргаж байна. “Би сул дорой, муу юм чинь эхнэртээ гологдож байна” гэж бодоод эхнэрээ дарж авах гэж бяраа гаргаж цохиж нүдээд, архи дарс ууж айлгаж ичээж, хадам худаа ч барьж авч хоолой амыг нь боогоод их мунхаг хар аргаар үзэлцэж байна.

Нэгэнт алдагдчихсан хүйсийн тэнцвэртэй байдлыг яаж зохицуулах вэ?

Бид оюун санааны эрин зуунд амьдарч байж хүний оюун санааг чиглүүлэх, амьдрах замыг зөв заах багш нар манай нийгэмд байхгүй байна. Нийгмийг соён гэгээрүүлэх багш нар байхгүй болохоор нийгэм үндэстний хөгжил болоод хүйсийн тэнцвэртэй байдал алдагдаж байна. Ер нь хөгжил гэдэг чинь хүний уураг тархины хөгжилтэй шууд холбоотой. Манайд хүний уураг тархи хөгжихгүй 200,300 жил хоцорчихоод байна. Эрчүүд нь хоцорчихоод эмэгтэйчүүд нь түрүүлчихсэн. Яагаад гэвэл дэлхийн томоохон улс орнуудад эмэгтэйчүүд сурч боловсорч тэрийгээ нийгэмд гаргаад бусдадаа түгээгээд сэтгэхүйн хувьд эрчүүдээсээ түрүүлээд байна. Эрэгтэй хүн байгалиасаа их нэрэлхүү учраас өөрийн шийдэж чадахгүй байгаа асуудлаа хэлэхээс эмээгээд үхчих гээд байгаа юм шиг санагдаад байдаг. Эмэгтэйчүүд харилцааны тал дээр нээлттэй учраас асуудал тулгарахад арга зам хайгаад хоорондоо ярилцаж чаддаг. Монголын бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, бие бялдар, оюун бодол, мөнгө санхүү, хүмүүстэй харилцах харилцааны хандлагын хувьд эрчүүдээсээ хэд дахин илүү дээшээ өсөөд явчихаад байна. Гэхдээ эрчүүдээ чирч явахгүй бол болохгүй шүү дээ.  Байгалийн жамаараа эр эм 2 хүн гэр бүл болж дундаас нь хүүхэд гарна. Ганц хүн айл болохгүй гэдэг үг ч бий шүү дээ. Тийм болохоор эмэгтэйчүүд гэр бүлийн харилцаан дээр эр нөхрөө чиглүүлж ухаалаг байх хэрэгтэй.

Та гэр бүлийн харилцааны тал дээр мэргэшсэн сэтгэл зүйч шүү дээ. Тийм болохоор таниас шинээр гэр бүл болж байгаа хосуудын харилцаа яагаад тогтворгүй байгаад байна вэ гэдгийг асуумаар байна.

Би өөрөө 27 жил гэр бүлийн амьдралаар амьдарсан. Түүнээс гадна 50,60,70 жил хамт амьдарсан гэр бүлүүдийн харилцааг маш их судалсан. Тэр  хүмүүс яагаад 60,70 жил салж сарнихгүй хамт амьдраад байна вэ гэдгийг судлаад,тэдэнтэй ярилцдаг хүний хувьд хэлэхэд одооны гэр бүлүүдэд тэсвэр тэвчээр, тууштай үнэнч байдал алдагдчихсан байна.

Гэр бүлийн харилцаанд эрэгтэй хүйстэн  болоод эмэгтэй хүйстэн яаж тэнцвэртэй харьцах вэ гэдгийг судлаад явж байхад одоогийн залууст амьдралд итгэх итгэл үнэмшил муу байна. Өөрөө өөрийгөө таниж чадахгүй байна.

Ний нуугүй хэлэхэд хүн их дээд сургууль төгсөөгүй ч гэсэн ямар ч ажил хийгээд амьдрах боломж нийгэмд нээлттэй байна. Гэтэл ямар нэг байдлаар өөрийгөө бусад амжилттай яваа хүмүүстэй харьцуулж өөрт нь байгалиас өгөгдсөн давуу болон сул талуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч ажил хийсэн бай хамаагүй өөрийнх нь амьдралыг тэтгэх, мөнгө олох тэр хөдөлмөрийг шүтэх байдал алга болж бэлэнчлэх гэдэг вируст идэгдэж байна.

Бэлэн амьдардаг, бэлэн эхнэр авдаг, бэлэн орон байртай болчихдог, бэлэн хүүхэд нь өсчихдөг гэсэн бодолтой байна. Хүний амьдралд төрөхөөс эхлээд үхэх хүртэл бэрхшээл сорилууд байнга тохиолдож байдаг. Тэрийг даваад гарсан нь хүн болдог. Сөхөрч унаж шантарсан нь амьдралаа бусниулж амьтан адгуусны амьдралаар амьдрах байгалийн хуульд дийлдэж байдаг. Яг үнэндээ хүн хүнээрээ сэтгэж, хоорондоо ярилцаж, үйлээ чиглүүлж чадвал заавал үр шимээ өгдөг гэдгийг гэр бүлийн хосууд мэдэхгүй байна. Тийм учраас БИ,ЧИ гэж нэг нэгэн лүүгээ дайрах нь их болсон. Энэ л шинээр гэр бүл болж байгаа хосуудын алдаа нь болж байна.

БИ, ЧИ гэдэг үзэл гэр бүл болсны дараа БИД болох ёстой гэдгийг л мэдэхгүй байгаа юм болов уу?

Хүмүүс сайн сайхан байхын үндэс “Эзэн хичээвэл заяа түшнэ” гэдгийг ойлгохгүй байна. Чи идэх дуртай бол мөнгө олох хэрэгтэй, гоё хувцас өмсөх дуртай бол хөдөлмөрлөх хэрэгтэй. Үүнтэй адил гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд БИ гэдэг үзлээсээ ангижирч хосдоо уусах ёстой.

Хосууд энэ л хөмөрсөн тогооны асуудлаасаа илүү гарч сэтгэж чадахгүй байна. Эмэгтэйчүүд нь гарах арга замаа олчхоод тэрийгээ хэлэх аргаа олохгүй. Оньс түлхүүр болгож бие биедээ зөв аргаар илэрхийлж чадахгүй байна. Хосуудын хувьд эмэгтэй нь эрэгтэйгээ хамгийн сайн мэддэг хүн нь байдаг. Тэгэхээр салалтын 50 хувь нь эхнэрийнх нь буруу. Яагаад эр нөхрийнхөө мэдэх хэлээр ярьж чадахгүй, учир эвийг нь олоод амьдарч чадахгүй байгаа юм бэ? Чамайг хайрлаад өөрийн эмэгтэйгээрээ сонгочихсон эрэгтэйн төлөө яагаад зүрх сэтгэлээ зориулж уйгагүй хөдөлмөрлөж болдоггүй юм бэ? Яагаад эр нөхрөө соён гэгээрүүлэх тал дээр 20,30 жил шантралгүй ажиллаж болдоггүй юм бэ? Саллаа гэхэд тэр эмэгтэйн үр хүүхэд л өнчирнө үү гэхээс өөр хүнийх биш шүү дээ.
Эр нөхрийнхөө төлөө байлаа гээд монжуулах гээд байгаа юм шиг байдаг зангаа болих хэрэгтэй. Нэг нэгнээ давж гарах гээд л  үзэлцээд байх хэрэг байхгүй шүү дээ. Өнөөгийн нийгэмд салалтын 70-80 хувь нь дээр дурдсан асуудлуудаас болж байна.

Хосууд харилцаа нь сэвтээд эхлэхээр үзмэрч зурхайчаас арга замаа хайж асуудалд хийсвэрээр ханддаг юм шиг санагддаг.

Гэр бүлүүд харанхуй аргаар мухар сүсгээр аливаад хандаж лам, бөө, үзмэрчид их найддаг болсон нь үнэн. Яаж нэг нэгнээ хорлох уу, яаж элс цацвал буцаад нийлэх үү гэх мэт их өрөвдмөөр арга замыг эр, эм гэлтгүй ашиглаж байна. Тэдгээр хүмүүс сэтгэлгээний өлсгөлөнд нэрвэгдчихсэн байна л даа. Хүн хайраас үүсэлтэй шүү дээ. Ямар ч хүнийг аав ээж нь хайраар бий болгосон байдаг. Тийм учраас хүн хайраар амьсгалж, хайртай хүмүүсийнхээ төлөө эцсийн амьсгал хүртлээ бүхнээ зориулах ёстой. Хамтдаа он цагийг туулж аз жаргалтай байхын тулд нэг нэгнээ хайраар дутаахгүй амьдрах ёстой. Тэгэхгүй эхнэр нь нэг янзаар яриад, нөхөр нь өөр янзаар яриад эхлэхээр болохоо байж байгаа юм. Нөхрийнхөө ярьж байгаа яриаг “Яагаад ийм юм ярьж байна” гэж сонирхож боддог эмэгтэй байхгүй байна. Энэ нэг юм хурдан яриад дуусаасай гэж тээр шаасан хандлагатай байдаг. Юмаа ярьдаггүй, өөрийгөө нээдэггүй хүмүүс их байдаг. Тийм болохоор ярьж л байвал нөхөр дээрээ ажиллах боломж эмэгтэйчүүдэд байгаа байхгүй юу. Феодалын нийгэмд байсан шиг 2 хүнийг богтолж гэрлүүлдэг байсан үе өнгөрчихсөн шүү дээ. Хайр сэтгэл, сайн дурын үндсэн дээр гэрлэчихээд 2,3 жил болоод шантраад салж байна гэдэг бүсгүйчүүдийн буруу. Соён гэгээрчихсэн аливааг олон талаас нь хараад сурчихсан байж эр нөхрөө сэнхрүүлэх, ухааруулах ёстой байхад эсрэгээрээ намагт нь орхиод өөрөө түрүүлээд гүйчхэж байна. Тэгснээрээ тэр эмэгтэйд хүний нууц амраг болох, хэн нэгний хоёр дахь эхнэр болох эсвэл гадаад хүнтэй гэрлэх л сонголт үлдэж байгаа юм.  Тэгэхээр харилцааны асуудалд битгий мухар сүсгээр хандаасай гэж хүсэж байна.

Сүүлийн үед Монгол эмэгтэйчүүдийг гадаад хүмүүстэй гэр бүл болохыг хүмүүс ихээхэн шүүмжлэх болсон.

Монгол эмэгтэйчүүд гадаад хүмүүстэй гэрлэж байна гэдэг л юм. Гадаадууд их хөгжчихсөн хүмүүс байдаг байхгүй юу. Гадаадад байдаг эрчүүд гадаадад байдаг эмэгтэйчүүдээ авч гэрлэж чаддаггүй. Эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ илүү хөгжчихсөн учраас өөрсдийгөө хэн нэгэнд өгдөггүй. Тэдгээр хүүхнүүд “Баталгаа баримт гаргаад мөнгө төгрөгөө өгчих юм бол би чамтай гэрлэж болно” гэж үздэг материаллаг байдлын ноён оргилд гарчихсан байдаг.  Монгол хүүхнүүдийг шуналтай л гэдэг, яс юман дээрээ их жоохон юманд сэтгэл нь ханадаг хүмүүс шүү дээ. Юугаар ч дутахгүй, орон байртай байвал хүүхдийг 2,3-аар нь үйлдвэрлэж чадна. Тэр нэг их асуудал биш. Гол нь манай эрчүүд эхнэр хүүхдээ тэжээх, хооллох, хувцаслах мөнгийг олж өгч чадахгүй байна шүү дээ. Зарим нь салчихсан ч гэсэн хүүхдэдээ тэтгэмж өгөх ёстой байтал тэрийгээ өгөхгүй байна. Гэрийн хаяг, утсаа солиод үхсэн юм шиг зугтаад алга болж байна.

Гэр бүл салалт их байгаад нэг талаасаа төр засгийн буруу гэж та хэлсэн. Тэгвэл төр засгаас энэ асуудалд хэрхэн анхаарах ёстой юм бэ?

Биеэ засаад гэрээ зас Гэрээ засаад төрөө зас гэдэг зарчимд төр болон үндэстэн оршин тогтнодог. Оршин тогтнолын төрийн үйл ажиллагаа их ганхчихсан. Телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дандаа муу муухай мэдээлэл гарч байна. Яаж муу муухайг хийх үү, яаж хүнлэг бус адгийн байх уу гэдэг сургалтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдаад байдаг болчихсон. Яаж сайн сайхан байх вэ гэдэг талаар ярьдаг, зөвлөдөг хүнд цаг олдохоо больсон байна.

Дээрээс нь хуулиндаа дарамт хүчирхийлэлд байгаа юм шиг санагдвал шүүхэд өргөдөл өгөөд салчихаарай гэж байдаг. Гэр бүлийн, хүчирхийллийн тухай хуульд янз бүрийн гэр бүлийг салгахыг л зорьсон заалт байдаг. Уг нь хүмүүсийн оюун ухаантай нь ажиллавал тэр гэр бүлийн тухай, хүчирхийллийн тухай хууль байх шаардлагагүй байхгүй юу. Заавал нөхрийнх нь гарыг далайлгаад шоронд хориод эхнэр нөхрийг салгах шаардлага байхгүй. Адаглаад нөхөр шоронд ороход гэр бүлийн санхүүгийн байдал ганхаад эхэлдэг. Улсаас танай нөхөр шоронд орчихлоо гээд сар бүрийн цалинг нь өгөхгүй ш дээ. Хууль гэдэг чинь эрсдэлгүй байх ёстой. Аливаа асуудлыг сайн сайхан болгох тал дээр нь анхаарах ёстой байтал тийм байж чадахгүй байна. Өнөөдөр Монголын гэр бүлийн тухай хууль гэр бүлийн сайн сайхны төлөө хэзээ ч үйлчилдэггүй. Би гэр бүлийн эрх зүйгээр Ломоносовын их сургуульд 7 жил сурсан хүний үүднээс хэлэхэд Монголд гэр бүлийн хууль эрх зүйн орчин, зөв хариуцлагын тогтолцоо байхгүй. Төрийн өндөрлөгт байгаа зарим хүмүүс 2,3 удаа эхнэрээ сольсон байдаг. Төрийн албан хаагч хүмүүс ч хүүхдийн тэтгэмжээсээ зугтааж байна. Амьтан хүртэл өөрийнхөө үр төлийг үүрнээсээ гартал тэжээдэг шүү дээ. Хүн яахаараа амьтнаас долоон дор болчихдог байна. Өөрийн төрүүлсэн үр хүүхдээсээ тэтгэмжийг нь харамлана гэдэг араатан амьтнаас дор байгаагийн л илрэл шүү дээ. Зарим нь бүүр охин үрээ хүчирхийлдэг болсон байна. Энэ бүх муу муухай асуудал хүний тархи оюунтай ажиллаагүйгээс л болж байна. Төр засаг хөгжлийг өндөр байшин бариад болчихдог гэж ойлгоод байна. Угтаа хөгжил гэдэг чинь хүний оюун ухааныг хөгжүүлэхийг хэлдэг юм аа. Багш нар эрдэмтдийг нэлээн дэмжээд гэр бүлийн тухай, ёс зүй хүмүүжлийн тухай ярьдаг сэхээтнүүдээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хүний сэтгэлийг тэжээсэн яриануудыг яриулах хэрэгтэй байна.

Таны хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүст гэр бүлийн харилцааны тухай зөвлөгөө зөвлөмжүүдийг ихээхэн хүргэхийг зорьж ажилладаг. Өөр бусад гэр бүл судлаач нараас тань шиг энэ асуудалд анхаарч байгаа нь ховор харагдах юм.

Нийгмийг зөв байлгахын төлөө ажиллахад 1 жил биш нэлээн хэдэн жил шаардлагатай. Энэ ажлыг хийхэд тогтвортой тууштай, мэргэжилдээ үнэнч байхаас гадна зоригтой байх хэрэгтэй.

Миний хувьд төр засгаас албан тушаал, мөнгө нэхээгүй өөрийн оюуны бүтээлүүдийг хэвлүүлээд нийгмийн сайн сайхны төлөө хүмүүст хүргээд явж байгаа. Маш олон дарамт ирж нийгмийн бүх хүмүүстэй ажиллаж чадахгүй байгаа ч гэсэн өөрийнхөө хэмжээнд олон хүмүүст туслаад явж байна.

Улсын хэмжээнд бүх дүүрэг, хороонд гэр бүлийн мэргэжилтэн, нийслэлийн хүүхэд залуучуудын гэр бүлийн хэлтэс, улсын хэмжээний гэр бүлийн хэлтэс, хүүхэд гэр бүлийг хөгжүүлэх чиглэлийн мэргэжилтэн аймаг сум бүр дээр хангалттай тооны хүмүүс ажиллаж байдаг. Тэдгээр хүмүүс ард түмний татвараас цалин авч байгаа. Тэд яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэр бүлийн чиглэлээр сайн сайхныг уриалах зүйлсийг гаргаж болдоггүй юм бэ? Сүүлийн жилүүдэд гэр бүл судлаачаар 1 сургуулиас жил болгон хэдэн зуугаараа боловсон хүчин бэлтгэгдэж төгсөж байна. Тийм байхад яагаад гэр бүлийн асуудал хөгжихгүй байна вэ? Төрөөс цалин аваад ажиллаж байгаа хүмүүс яагаад гэр бүлүүдийг салгахгүй байх тал дээр арга замыг эрэлхийлж ажиллахгүй байна вэ? Хуулийн байгууллагынхан яагаад гэр бүлийн сайн сайхны төлөө судалгаа хийхгүй байна вэ? Шүүгчид яагаад хосуудыг салгахгүй бат бэх амьдрах тал дээр нь анхаарч шийдвэр гаргахгүй эвлэрүүлэн зуучлах 6 сар өгөөд орхиж байна вэ? 1 өргөдөл өгсөн хүнийхээ хойноос юу болж байгааг нь судалж эвлэрч нийлтэл нь гүйх хэрэгтэй шүү дээ.

Би бол 3 цаг ярилцаад суухад 2 хүнийг эвлэрүүлж чаддаг. Шүүхэд өргөдөл өгчихөөд над дээр ирээд эвлэрээд өргөдлөө татсан олон хүмүүс бий. Хүрч ирсэн хүмүүсийн зууны 90 хувь нь салах өргөдлөө буцааж авдаг. Салах ямар ч хэрэггүй юм  байна. Бид нэг амьдралын төлөө, нэг үгээр,  нэг сэтгэхүйгээр, нэг мөрөөдлийн төлөө, үр хүүхдийнхээ амьдралыг гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэх зорилготой  явж байгаа  хүмүүс гэдгээ сая ойлголоо. Бид 2 бие биенээ ажиглаад байх хэрэггүй юм байна. Хүүхэдтэй болсон учраас хүүхдийнхээ төлөө амьдарч хүүхдээ хүн шиг хүн болгох ёстой юм байна. Гэр бүл болоод хүүхэдтэй болсон бол БИ гэж ярих ёсгүй БИД гэх ёстой юм байна гэдгээ ойлгоод ухаараад гардаг.

Зарим хүмүүсийг би хүүхэдгүй бол эртхэн сал гэдэг юм. Хүүхэдтэй  болсон тохиолдолд ертөнцийн байгалийн хуульд шууд захирагдах ёстой. Хэрвээ эцэг тэр хуульд захирагдахгүй бол эргээд хүүхдүүд нь эцэг эхдээ захирагдахгүй зовооно. Манай нийгэмд эхийгээ, эцгийгээ үзэн ядсан хүмүүс их байна. Ямар нэг зүйл дээр хайр дутагдаж өшөөрхсөн  хүмүүстэй нийгэм хэзээ ч сайн сайхан хөгжихгүй шүү дээ.

Таны хэлсэнчлэн гэр бүлээ авч үлдэхийн төлөө тэмцэж нөхрөө намагт үлдээхгүй ухаан суулгахын төлөө хичээж байгаа олон эмэгтэйчүүд байдаг. Тэдгээр бүсгүйчүүд гэр бүлээ авч үлдэж байгаа нэртэй өөрөө маш их зовж, дарамт хүчирхийлэлд амьдардаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Хүмүүс гэр бүлийн харилцааг хэрхэн сайхан байлгах вэ гэдгийг мэдэхгүй байна.Сурч боловсорч соён гэгээрэх ёстой гэдгээ ухамсарлахгүй байна.  Мэддэг нь ерөөсөө салах л болчихсон. Эцэг эхээс олгогдсон хүмүүжил нь дарамтлах, хүчирхийлэх учраас тэр цэг дээр ирээд харилцаанд цэг тавигдаж байна. Гэр бүлийн харилцаа урсгалаар явдаг зүйл биш. Тийм ч учраас гэр бүлийн мэргэжилтнүүд  дээр очиж гэр бүлийн харилцаа хэрхэн зөв байж, 2 хүн нэг зүг рүү харж, бие биетэйгээ нэг хэлээр ярьдаг болох вэ гэдэг дээр зөвлөгөө авах хэрэгтэй.

Дотно харьцаанд ч ордоггүй гэр бүлүүд зөндөө байдаг. Тэдгээр хүмүүс лам бөө дээр очдог хирнээ яагаад гэр бүл судлаач, сэтгэл зүйч дээр очиж болдоггүй юм бэ?

Яагаад гэр бүлийн харилцааны чиглэлийн номыг авч уншаад, сургалтад сууж арга зам эрэлхийлж болдоггүй юм бэ гэж бодогддог юм.

Эр хүн эхнэрээсээ халамжаас гадна цэмцгэр байдлыг хүсдэг юм шиг санагддаг. Тэгэхээр эхнэр хүн өглөө босохоос эхлээд орой унтах хүртлээ нөхөртөө үнэлэгдтэл цэмцийтэл юу хийх ёстой байдаг юм бэ?

Эмэгтэй хүн өөрийнхөө хийж байгаа бүх зүйл дээрээ магтаал авах хэмжээний чадвартай байх ёстой. Сэтгэл гаргасны хариуд хүн заавал төлөөс төлдөг. Төлөөс байхгүйгээр зүгээр үйлчлээд зовоод явна гэж байхгүй. Эхнэр хүн нөхөртэйгөө хамт байгаагаараа дан ганц эр нөхрөө жаргаагаад байгаа юм биш шүү дээ. Бүх зүйл дээр нь үйлчилж цэмцийсэн байх ёстой гэсэн бодлоороо эхнэр өөртөө шаардлага тавиад хийж байгаагаа ял мэт хүлээж аваад байдаг. Юм өгчхөөд хойноос нь нэхэх гээд байна гэсэн үг шүү дээ. Өөрөө эр нөхрөө сонгож хамт амьдрах гэж байгаа учраас эр нөхрөө хайрлахдаа кайф авдаг байх ёстой шүү дээ. Олсон зүйлийнхээ талыг өгөхдөө кайф авч өөрөө жаргалтай байх ёстой байхгүй юу. Бүх зүйлээ зориулаад өөрөө жаргалтай байгаа хүнтэй эрэгтэй хүн барьцаад хариу юм өгч эхэлдэг. 60,70 жил амьдарсан гэр бүлүүдийг харахад тэд ханьдаа жижигхэн зүйл дээр тусалчхаад ”Би ямар сайхан мундаг юм хийчих вэ” гэж өөрөө сэтгэл зүрхнээсээ баярлаж чаддаг. Яагаад гэвэл тэр хүн хүчирхэг байна, өгөөмөр нинжин сэтгэлтэй байна. Тэр сайхан сэтгэлтэй хүнийг дэргэд байгаа хүн нь хараад байж яддаг байхгүй юу. Энэ хүн яагаад юман чинээ бодохгүй сэтгэлээ зориулаад юман чинээ бодохгүй өөрөө жаргалтай байгаад байна вэ гэж өөрөөсөө асууж эхэлдэг. Тэгэхээр өөрөөсөө халиад бусдын төлөө гэдэг сэтгэхүй рүү өөрийгөө оруулах хэрэгтэй. Эхнэр хүн нөхрөөсөө илүү гэр бүлдээ сэтгэл гаргаснаараа дан ганц нөхөртөө биш олон түмэнд хайрлагдаж эхэлдэг. Эмэгтэйчүүд тэр сэтгэлийг гаргаж чадахгүй байгаа учраас нөхөртөө гологдож, аминчхан бодолтой гэж үзэгдэж байна. Хийснийхээ хойноос олон долоон юм ярьж, энэ муу өөрийгөө их юманд бодчихож гээд шаралхаад авч өгсөн юмыг нь урж тастаж хаяж байна. Энэ бол маш буруу.

 

Зарим эмэгтэйчүүд нөхөртөө зориулж хүүхэд гаргачихсан юм шиг нөхөртөө уурлаж харилцаагаа сэвтээдэг юм шиг санагддаг.

Эмэгтэй хүн өөртөө зориулж хүүхэд гаргадаг. 20,30 жилийн дараа өөрийгөө асруулах гэж, өөртөө ханьтай жаргалтай байх гэж хүүхэдтэй болдог. Над дээр 10 хүүхэдтэй 80 гарсан өвгөн ирж уйлж байсан юм. Тэр хүн “Би 10 хүүхдээ тэжээх гэж 37 жил улсад ажилласан. Дээрээс нь давхар 2,3 ажил хийдэг байсан. Тэр үед би гэртээ байнга байж чаддаггүй байсан нь үнэн. Гэхдээ би 10 хүүхдийнхээ төлөө олсон бүх мөнгөө зориулдаг байсан. Би сүүлийн 30 жил гэртээ суухад миний хүүхдүүд зөвхөн ээжтэйгээ харилцаж, ээждээ бэлэг өгч, олсон мөнгөө ээждээ зориулдаг. Нэг ч хүүхэд надтай ойр дотно ярилцдаггүй. Би ингэж амьдралаа дуусгаснаас эртхэн үхмээр байна” гэж байсан.Тэгэхээр тэртээ тэргүй залуудаа хэн нь илүү сэтгэл гаргасан нь өөрийнхөө аз жаргалын суурийг бат тавьсан байдаг юм аа. Монголын эрэгтэйчүүд 50 нас гараад дийлэнх нь бурхан болж байна. 60 наснаас дээш настай 81,000 эмэгтэй бэлэвсэн амьдарч байна. Энэ байдалд хэн хожих юм бэ? Хэн ч хожихгүй шүү дээ. Эрэгтэй нь бурхан болоод дуусна эмэгтэй нь үлдсэн амьдралаа ганцаараа туулна. Үүнийг эртхэн ойлгож аливааг алсуур бодож тулга тойрсон МИНИЙ , ЧИНИЙ гэсэн хэрүүлээсээ салах хэрэгтэй.

Гэр бүлд нь асуудал тулгарахад эмэгтэйчүүд хэн нэгэнд сэтгэлээ уудалж тусламж хайж эхэлдэг. Гэхдээ тэр тусламжаа мэргэжлийн хүнээс биш найз нөхөд гэр бүлийнхнээсээ авч шийдвэр гаргадаг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Яагаад эхнэр хүн өөрийнхөө эр нөхрийг хүнд муулах ёстой юм бэ? Яагаад өөрийнхөө нөхрийг эхийгээ зовоож эхдээ муулах ёстой юм бэ? Тэр хүний эх үр хүүхдээ зовж байна гээд салгахыг л бодно. Өөрийнхөө хүслээр хэний ч зааваргүйгээр нийлсэн хүнээ хэн нэгэнд муулна гэдэг байж болохгүй зүйл.Муулмаар байвал өөрийг нь суулгаж байгаад сэтгэл зүйч дээр ирээд “Энэ хүн намайг ингэж зовоож байна, энэ намайг ингэж зодож цохисон энэ хүний хийсэн юм зөв үү, буруу юу гээд асуугаад ярилц.” Яагаад зөв бурууг нь мэргэжлийн хүнээс нь асууж чаддаггүй юм бэ. Өөрөө нөхрийнхөө учрыг олж чадахгүй байгаа бол сэтгэл зүйчид хандаад учрыг нь олуулах хэрэгтэй байхгүй юу.Олон аргаар бодох хүнд бодлого амьдралд ороод ирлээ. Өөрөө бодож чадахгүй бол мэргэжлийн хүнээр нь бодуулж томьёог нь заалгах хэрэгтэй. Найз нөхөд эцэг эхдээ сэтгэлээ нээж асуудлаа ярих нь асуудлыг улам хүндрүүлж байдаг гэдгийг маш сайн ойлгох нь чухал.

Эхнэр нь сэтгэл зүйч дээр очъё гэхэд “Чи намайг галзуу гэж бодоо юу. Өөрөө явахгүй юу” гэж хариулдаг олон нөхрүүд бий. Энэ байдлыг яаж зөөллөх ёстой вэ?

Эхнэр нь зөв ярих ёстой. “Чамтай маргаан зөрчил салахгүй байна. Чамд миний ямар зан чанар таалагдахгүй байна вэ? Чи тэрийгээ сэтгэл зүйчид яриад би тэр хүнээс сургалт аваад чиний хүссэнээр чамтай харьцдаг эмэгтэй болоод өөрчлөгдье. Би өөрийнхөө алдааг засахын тулд чамайг сэтгэл зүйчтэй уулзуулах хэрэгтэй байна” гэж хэлбэл бүх нөхрүүд эхнэрийнхээ ядаргаатай байдлыг ярих гээд уралдаад оочирлоод ирдэг юм. Эмэгтэй нь нөхөртөө “Чи адгийн тэнэг болчихсон учраас хоёулаа сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй байна” гэж ойлгуулаад байгаа юм. Нэг  талаасаа өөрийнхөө алдааг нөхөр лүүгээ чихээд байдаг. Хэн ухаантай нь би илүү буруу байна, би илүү өөрийгөө хянаж чадахгүй байна, би чамдаа зориулж өөрийгөө өөрчлөх хүсэлтэй байна гэж хэлнэ. Монголд ингээд хэлэх чадвартай эмэгтэйчүүд цөөхөн байна. Хэлж чадахгүй байгаа учраас гэр бүлээ аварч чадахгүй байгаа юм.

Гэр бүлээ хадгалж үлдэхийн төлөө хүнээс өөрийнхөө дутагдлыг сонсох юу нь тийм буруу гэж. Эхнэрийнхээ дутагдлыг хүнд ярьсандаа гэмшээд нөхөр нь эхнэрээ өрөвдөөд тэвэрч авдаг байхгүй юу. Сэтгэл зүйч дээр очиж сэтгэлээ уудалж яриад нөхөр нь “Би эхнэрийнхээ мууг үзэж өөлж гоочилж ярих хэрэггүй юм байна” гээд 2 биенээ ойлгоод дахиад хэрэлдэхгүй болоод харьдаг.

Таны шулуун шударга хэлж байгаа байдлыг хараад ихэнх хүмүүс таныг эр хүнд хайртай, эр хүнийг дээдэлж эмэгтэй хүмүүсийг доромжилдог гэж яриад байдаг. Угтаа бол эмэгтэй хүнийг зөв байгаасай гэсэн зөвлөгөөнүүд байдаг шүү дээ.

Үнэн үг үг их хүчтэй, гашуун, сонсож тэсэхийн аргагүй хорон байдаг. Үгээр үхүүлж, үгээр сэхээнэ гэдэг дээ. Үнэн үгийг сонсоод яс махандаа тултал ойлгоод сэхэж чадсан асар олон гэр бүлүүд бий. Инээсэн болгон нөхөр биш, уурласан болгон дайсан биш гэдэг шиг хүний 18 нас хүртлээ сурчихсан байх ёстой хирнээ эцэг эх нь зааж чадаагүй тэр хүмүүжил, ёс суртахууныг би нэг өгүүлбэрээр ч хэлж байж магадгүй. Хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, сонсож чадахгүй тэр үгсийг сонсоод ухаж ойлгосны дараа гэр бүлийн харилцаагаа аварна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийнх нь жаргалын төлөө, амар амгалан амьдралын төлөө л хэлж байгаа үгс шүү дээ. Би хүмүүст хараал хэлээгүй. Нөхөртөө хараалгаж, зодуулж, нүдүүлж байгааг нь зогсоох гээд хэлээд байгаа юм. Хүүхнүүдийг хайрла, эхнэрээ зөөлөн нүдээр харж, нам дуугаар ярь, эмэгтэй хүнийг цохихоор мах, яс нь өвдөж сэтгэл зүрх нь шархалдаг юм. Тэр бүх авсан өвдөлт нь насан туршид нь үргэлжилдэг юм. Эхнэрээ зовоосныхоо хариуг хэзээ нэг өдөр заавал авна гэж би эрчүүдэд хэлдэг. Эмэгтэйчүүд эрэгтэй хүний мууг хэлэхээр больж гээд чагнадаг хирнээ эмэгтэй хүний болохгүй байгааг хэлэхээр уурлаад сонсож чаддаггүй. 2 хүйсийн харилцааны тухай ярьж байгаа учраас хоёулангийнх нь л асуудлуудыг ярих ёстой шүү дээ. Амьдрал нь тайван сайхан байдаг эмэгтэйчүүд надад хайртай байдаг. Өөрийнх нь хийж байсан зүйлүүдийг хэлж ярьдаг учраас “Яг гогцоог нь гаргаж өглөө. Таны хэлснийг би сурсан учраас гэр бүлээ хадгалж авч үлдэж чадсан. Таны хэлж байгаа зан үйлүүдийг сурснаар би үр хүүхдээ өнчин болгохоос аварсан” гэж хүлээж авдаг. Тийм болохоор тэр эмэгтэйчүүд миний ярьж байгааг сонсоод уурлаж бухимддаггүй.

Бусад нь хөдөлмөрлөх дургүй үнэн зүйлийг чагнах дургүй байна. Хэт бэлэн баруунаар сэтгээд Монгол гэдэг хөрсөнд Монгол зан үйл өөр гэдгийг ойлгохгүй байна. Дэлхийн 300 гаруй орны хүмүүсийн гэр бүлийн харилцаа хандлагаас Монгол гэр бүлийн харилцаа болон Монгол хүмүүсийн бие биетэйгээ харилцдаг харилцаа өөр шүү дээ.

Гэр бүлүүд нэг асуудал тулгарахад тэрийгээ уг үндсээр нь шийдэж чадахгүй орхиод улам харилцаагаа хүндрүүлээд байдаг юм шиг санагддаг.

Канадад 20 гаруй жил амьдарсан 2 хүүхэдтэй гэр бүл Канадын өндөр зэрэглэлийн сэтгэл зүйч дээр очиж бүтэн 2 жилийн турш сэтгэл зүйн зөвлөгөө авсан хирнээ эвлэрч чадахгүй Монголд ирж надаас зөвлөгөө аваад эвлэрээд бүх асуудалдаа цэг тавьж чадсан. Амьдралд болж байсан хар дурсамжууддаа цэг тавиад шинэ хүн болоод гарахыг сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж нэрлэдэг. Гол нь итгэж үнэмшээд өөрийнхөө дутагдлыг сонсох зоригтой байх хэрэгтэй. Зоригтой хүн л хөгжинө шүү дээ. Худлаа толгойг нь илээд асуудлыг нь нэг хэсэг намжаачхаад яваад байвал өөр асуудлууд нэмэгдээд харилцаа улам хүндрээд л байна. Түр зуурын жаргалыг хайж хүмүүс гэр бүлээ умартаж архи ууж зочид буудлаар явдаг.Түр зуурын жаргалыг хайж айлын эхнэр/нөхөртэй янаг амрагийн холбоо үүсгэдэг. Түр зуурын жаргал хүнд тулгараад байгаа асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Өөрт тулгараад байгаа асуудлаа уг үндсээр нь шийдээд гэр бүлтэйгээ нэг зүг рүү хараад хөтлөлцөөд хамт амьдрах хэрэгтэй. Хүний амьдрал богинохон шүү дээ. Амьдарч байх 60,70 жилийн хугацаандаа олон хүнтэй учир ургуулаад, олон хүнээс хайр хайгаад явна гэдэг уйтгартай шүү дээ. Үр хүүхдүүд нь ч урваж тэрсэлж байгаа адгийн муухайг хүүхэд хараад эцэг эхээ үнэлэхээ больдог.

Манай залуу охид хэт омголон нэг л зүйл бүтэхээ болингуут шантраад би ер нь яагаад хувцас угааж гэр цэвэрлэх ёстой юм бэ? Хүүхэд гаргаад өглөө болоо ш дээ гэсэн хандлага ажиглагдаад байдаг.

Омголон байхаас гадна амьдралыг их хийсвэрээр харж асуудалд хандаад байна. Бүх л хүн гэр цэвэрлэх, хоол хийх ажлыг хийдэг. Энэ зүйлийг ажил болгож ярих асуудал биш ээ. Гэр орны ажил хийлээ гэж хэрүүл үүсгэнэ гэдэг үнэхээрийн шившигтэй асуудал. Хоол хийх, гэр цэвэрлэх, хирнээсээ салж хувцсаа угаах асуудлыг ямар ч хүн хэрүүл болгох ёсгүй. Социалист нийгэмд өчнөөн олон цагийн ажилтай 9,10 хүүхэдтэй гэр бүлүүд гэрийн ажлаа давхар хийхдээ ялархдаггүй л байсан. Одоо бол хөмөрсөн тогоон дотроо залхуурал нь дэндчихсэн гараа хөдөлгөснийхөө хариуд хөлс нэхэж бүх асуудалд материаллагаар ханддаг болчихсон байна. Үнэгүй сэтгэлээрээ хөлс хүчээ шингээж хийдэг хирнээ үнэлэгддэг хөдөлмөр байдаг шүү дээ. Нийгэмд үнэлэгддэггүй хөдөлмөр юм шиг санагддаг ч сэтгэл гаргаж хийсэн хоол, цэвэрлэгээ бүрээрээ эр нөхрийнхөө сэтгэлийг 100 хувь өөртөө уусгаж шингээж түүнийхээ үр шимийг өтөл насандаа амсана шүү дээ. Тэгэхээр хоол хувцасны асуудал бол хүүхдийн тоглоомын л асуудал.

Та нэг лекцэн дээрээ түмпэнгээ үнсээд бай гэж хэлж байсан тэр бол далд утгаараа гэр бүлдээ сэтгэл гаргах ёстой шүү л гэсэн үг байсан шүү дээ. Тэрийг хүмүүс шууд утгаар нь ойлгож хүлээж аваад шүүмжлээд байсан.  

Нэг үгний цаана сая сая утга цацарч гэрэлтдэг. Хамгийн энгийн инээдтэй жишээгээр “Асуудалд ингэж хандах хэрэгтэй шүү” гэдгийг л ойлгуулсан. Тэрнээс биш түмпэнгээ үнсээд байж байна гэж юу байх вэ дээ.\Инээв\

Эхнэр нь ар гэрийн асуудлаа шийдээд тайван сайхан байхад эр нөхөр гэр лүүгээ яардаг юм шиг санагддаг. Нөхрөө цэвэрхэн хувцастай ажилд нь явуулж, орой ирэхэд дуртай хоолыг нь хийсэн байхаар эр хүн өмссөн хувцсаа хараад миний эхнэр намайг сайхан явуулдаг шүү гээд эхнэрээ санадаг байх.

60, 70 жил нэг хүнийг хажуудаа байлгана гэдэг асар том чадвар. Ямар нэгэн юм гэр лүү нь татах ёстой. Ангайсан гар хуруугаа будсан, тэгэх ёстой, ингэх ёстой гэж ёс журам ярьсан эмэгтэй рүү эр хүн гүйх үү? Гүйхгүй шүү дээ. Тийм болохоор гэр бүлийн харилцаанд эхнэр хүн маш чухал үүрэгтэй.

Эхнэрүүд салах шийдвэр гаргахаасаа өмнө нөхрөө татахын төлөө хичээвэл нөхөр нь ойлгоод эхнэртээ гэр орны ажилд нь тусалдаг, цаг зав гаргаж өгдөг болчихдог юм шиг. Эхнэрүүд гэр орны ажилдаа түүртээд тэсрээд байдаг юм шиг ажиглагддаг.

Нэг талаасаа гэр орны ажлаа сайн хийснээрээ нөхрөө татдаг байж болно. Гэхдээ эхнэрүүд гэр орны ажлыг зовлон мэтээр хүлээж авахаа болих хэрэгтэй. Гэр орны ажил сайн хийдэг байлаа гээд сайн эхнэр болно гэдэг өрөөсгөл ойлголт. Жишээ нь би 27 жил амьдрахдаа нөхрийнхөө өмд цамцыг угаагаад индүүдээд тэвхийтэл нь өрж тавьж байгаагүй. Би анх гэр бүл болоод 2 жил болж байхдаа нөхрийнхөө хамгийн хайртай өмдийг улаан хувцастай нийлүүлж угаалгын машинд хийж угаагаад хэрэгцээнээс нь гаргаж байсан. Тэгээд түүнээс хойш манай нөхөр намайг бүх хувцаснуудыг холиод угаачихдаг гэж ойлгоод “Нараа битгий угаагаарай. Би өөрөө угаачихъя” гэдэг болсон. Тэглээ гээд би хувцас угаагаагүй гээд тэр хүн уурлаж байгаагүй би ч угаая гэж зүтгэж байгаагүй. Чөлөөт нийгэмд амьдарч байж өөрт хэрэгцээтэй зүйлээ дор бүрнээ өөрсдөө хийгээд л амьдрах хэрэгтэй санагддаг. Эр нөхөр нь яалтачгүй 15 цаг ажиллаад 15 цамц өмсөөд 15 сая төгрөг авчирч ирээд эхнэр нь хийх юмгүй мөнгийг нь үрж байгаа бол нөхрийнхөө хувцсыг угааж хоолыг нь хийлээ гээд юу унах вэ дээ. Эрэгтэй хүн эмэгтэй хүн шиг их хувцас өмсдөггүй шүү дээ Олон гоё хувцсаараа хүүхэн татъя гэсэн бодолтой хүүхэн эргүүлдэг, сээтгэнүүр  эрэгтэй л олон хувцастай байдаг байх.

Гэр бүлийн харилцаанд хадмын асуудал их яригддаг. Эрүүл сайхан харьцаатай байгаа 2 хосын дундуур хадам аав, ээж, эгч, дүү нь оролцож худал хэрүүл гаргаж салгах хэмжээнд хүргэж байна. Тэгэхээр ер нь энэ хадмын асуудлыг яах ёстой вэ?

Миний баримталдаг зарчмаар бол хүүхэд нас биед хүрсэн бол амьдралд нь үгээр ч оролцохгүй үйлдлээр ч оролцохгүй. Үүрнээсээ нисээд үр хүүхдээ хэн нэгэнд өгөхөд эцэг эх үр хүүхдэдээ юу ч хэлэхгүй гэдэг баримт нотолгоотой өөрийнхөө хүүхдийг май гээд л өгөх хэрэгтэй. Би ч тэгж л өгч байсан. Эцэг эх хойноос нь олон долоон юм ярих эрхгүй. Олон юм ярих байсан юм бол туршилтын хугацаа заах хэрэгтэй шүү дээ.\Инээв\ Тийм учраас бүх ээж аав нар насанд хүрсэн хүүхдийнхээ амьдралд үгээр болон үйлдлээр оролцохгүй байх ёстой гэж хэлмээр байна. Хүн хорвоо ертөнцөд 1 удаа эхээс төрж 18-20 жил гэртээ байдаг. Хайр сэтгэлтэй учраад гэр бүл болохдоо хоёр дахь удаагаа төрдөг. Өөрөөр хэлбэл төрсөн гэрийнхээ хүн биш болдог гэсэн үг. Тийм байхад мөн юм шиг харьцаад байгаа нь аав ээжүүдийн хувьд хамгийн явцуу өрөвдөлтэй үйлдэл. Нөгөө талаас аав ээж нь үр хүүхдээ 9 сар тээгээд өсгөөд, 20 гаран жил хооллож ундалж, их дээд сургуульд сургаад тэр бүх хайраа мөнгөө шингээсэн хүүхдээ бэрдээ/ хүргэндээ өгсөн учраас  тэр аав ээж хэдий мунхаг байсан ч хайрлах ёстой.

Аливаа амжилттай харилцаа 2 талаасаа зүтгэж ойлголцож байх хэрэгтэй. Бүх хүмүүс дор бүрнээ би хэний ачаар эхнэр/нөхөртэй боллоо гэдгээ бодох ёстой. Тэр эхнэр/нөхөр чинь тэнгэрээс унаад цэцгээс дэлбээлдэг юм биш шүү дээ. Түүний төлөө хөлс хүчээ зориулсан эцэг эхийн хүч учраас ямар ч байсан хайрлаж хүндлэх л хэрэгтэй.

Бүх л эцэг эхчүүд үр хүүхдээ хайрлаж өсгөдөг. Гэтэл зарим залуус эцэг эхийгээ шар махтай нь хатаах гэмт хэргүүдийг үйлдэж байна. Ихэнх нь 16-25 насны залуучууд нийгмийн хамгийн жигшмээр хэргүүдийг сүүлийн үед үйлдэж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Энэ бүх муухай бохир хэргүүдийг тэр хүүхдүүдэд эцэг эхчүүд нь зааж өгсөн. Тэд үр хүүхдээ 18 нас хүртэл нь хайрлаж, нинжин сэтгэлийг харуулж өсгөөгүй байна. Хүүхэд 0-6 насандаа эцэг эхээсээ хайрыг авч, 6-14 насандаа амьдрах ухааны чадварыг эзэмшдэг. Тэрийг эзэмшиж чадаагүй хүүхэд буруу замаар амархан ордог.Манайх хайрын гүн гүнзгий дутагдалд орчихсон шоронжсон үндэстэн болчихжээ. Хар нялхаас нь луйвар хулгай хий, өөрт байхгүйг хүчээр буруу аргаар хүнээс ав, хүссэнээ хүчирхийллээр үйлд гэдэг төлөвшлийг эцэг эхчүүд үр хүүхдэдээ өгөөд байна. Тэр эцэг эхчүүд буруугаа хүлээх ёстой. Тэгвэл залуучууд нь “Эвий минь. Аав ээж минь, миний буруу” гэж хүлээн зөвшөөрч зөв хүн байх юмсан гэж бодож магадгүй.

Айх нэрэлхэх санаа зовох, буруу зүйл хийчхээд гэмшиж, түүнийг жигшдэг зөв рүү тэмүүлж суралцдаг хүний нандин чанарууд алдагдчихсан байна. Зах зээлд орсноороо хүний оюун ухаан тархи хөгжих ёстой байсан. Гэтэл манайхан өөр зүйлээр зах зээлд оруулчихсан. Материаллаг зүйл, мөнгөн дээр тулгуурлаж зах зээлд шилжсэн улс бол манай улс. Тархи оюуны хөгжил социализмын үеэсээ долоон дор болоод  хоосорчихсон. Социализмын үед хүмүүс ичих, зовох, нэрэлхэх ёс суртахуунтай байсан. Адаглаад гэр бүлээс гадуур харилцаа үүсгэвэл хурлаар орж нийтэд зарлагддаг байсан. Одоо тийм зүйл байхгүй болчихсон. Ардчилал гэдэг үгийг Монголчууд “Чи эрээ цээргүй бай, юу дуртайгаа хий, бурууг ч өөрийн хүслээр хий. Чамд хэн ч юу ч хэлэх ёсгүй. Чи бусдын эрхийг зөрчсөн ч хамаагүй” гээд ойлгочихсон. Угтаа бол бусдын эрхийг зөрчихгүй байх нь ардчилал шүү дээ. Хүн бусдын эрхийг зөрчихгүй хэн нэгэнд муухай сэтгэгдэл төрүүлэхгүй байхыг эрх чөлөө гэдэг. эрх чөлөө гэдэг чинь маш том хариуцлага байхгүй юу. Жишээ нь Америк бол эрх чөлөөний орон. Тэнд хүмүүс эрх чөлөө гэж юу вэ гэдгийг мэддэг. Нийгэмд  их бага хэмжээгээр буруу зүйл хийхэд асар их хариуцлага хүлээдэг гэдгийг тэнд байдаг хүмүүс ухамсарладаг. Энэ ухамсар Монголд хөгжөөгүй, хүмүүсийн сэтгэхүйд суугаагүй байна. Байгалийн хууль, нийгмийн хууль 2 уялдаа холбоотой байх ёстой. Тийм байхад байгалийн хуулиа бид хаяад байна. Нийгэмд зохиосон хууль нь УИХ-ын гишүүдэд болон эрх мэдэлтэй хүмүүст үйлчилсэн хууль байгаад байна. Өөрсдөдөө хэрэгцээтэй хуулийг л гаргаад ард түмэнд хэрэгтэй хуулийг гаргадаг хүн нэг ч алга. Эцэг эхгүй өнчир өрөөсөн хүүхэд шиг Монголын ард түмэн хаягдсан. Эрх мэдэлтэй больё гэж зүтгэж байгаа бүхэн ард түмнийг хоолтой хувцастай ажлын байртай байлгах ёстой гэдэг үүргээ ухамсарладаг байгаасай.

Сэтгэл судлал бол бие даасан шинжлэх ухаан. Үүнийг манай улсад яаж хөгжүүлж хүмүүст илүү хүргэх ёстой вэ? Ерөнхий боловсролын сургуулиас нь эхэлж заах ёстой юм бол уу?

Сэтгэл судлалын шинжлэх ухаан хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд бий болсон. Манай улсын хувьд эртнээсээ гэр дотор уламжлалын дагуу сэтгэл судлал ихээхэн хөгжиж ирсэн орон. Тэр үед сэтгэл судлалыг шинжлэх ухаан гэж нэрлээгүй тэр талын ном сэтгүүл ч байгаагүй. Үнэн хэрэгтээ Монгол шиг дотоод зүрх сэтгэлийн боловсрол өндөртэй орон дэлхийд бараг байхгүй.Бүх Монгол хүний цусанд дээд үеэ хайрлах хүндлэх өр нимгэн зөөлөн сэтгэл байдаг. Ямар ч яргачин, алуурчин хүн байсан эцэг эхдээ сэтгэл гаргадаг л байхгүй юу. Монголд гадаадын бусад орнуудыг бодвол эцэг эхтэйгээ уялдаа холбоо нягт байдаг. 200 жил Манжийн дарлалд байхад Монгол гэр бүлүүдийн нягт уялдаа холбоо нэгнээ гэсэн сэтгэлийг  Манжууд  сулруулж чадаагүй. Эхнэр нь нөхрийнхөө төлөө,нөхөр нь эхнэрийнхээ төлөө, муу ч сайн ч эхнэр нөхөр 2 нийлээд үр хүүхдийнхээ төлөө амьсгалдаг. Үр хүүхэд нь эргээд эцэг эхийнхээ төлөө амьсгалдаг. Ийм нягт гэр бүл дэлхийд байхгүйг эрт үеэсээ хүмүүс гайхаж ирсэн. Тэр суурь нь одоо ч байдаг. Нийт гэр бүлийн 10 хувь нь энэ нандин харилцааг авч үлдэж хадгалж чадаагүй яриад байгаа болохоос биш чив чимээгүй амьдарч байгаа 850,000 гэр бүл аз жаргалтай амьдраад явж байгаа. Тэр аз жаргалаа хэн нь ч хүмүүст ярихгүй шүү дээ. Би тэр гэр бүлүүдийг судалсан учраас итгэлтэй хэлээд байгаа юм. Аз жаргалтай нэг нэгэндээ ууссан нягт уялдаа холбоотой хэдэн мянган гэр бүлүүд бий. Тэр хүмүүс ёс суртахуунтай, даруухан учраас чимээгүй ажиглаад л байж байдаг. Гарч ирж хэрүүл хийж байгаа хүмүүс нь миний дурдсан 10 хувьдаа орно. Сэтгэцийн хувьд өөрчлөлттэй, асуудалтай хүмүүс гэж хэлж болно.

Эхнэрээ сольсон хүн эх орноо солиход бэлэн байдаг учраас төрд бүү ойртуул гэж үг байдаг. Манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд дийлэнх нь эхнэрээ сольсон харагддаг. Дээр нь сүүлийн үед хормойн хэргүүдэд ч холбогддог болсон байна.Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

Хүний сэтгэл цэвэр ариун, үүх түүх нь хиргүй тунгалаг цагаан байх нь амжилтын үндэс байдаг. Ичих нүүртэй, буруу зөвийг ялгаж салгаж чаддаг хүмүүс цаг хугацааны шалгуураар салбар салбартаа тунаж үлдэнэ. Буруу замаар будаа тээж, мөнгийг дээдэлсэн, хүн чанараа гээсэн хүмүүс нийгмийн бүх шатуудад сайнтайгаа зэрэгцээд л байж байгаа. Тийм болохоор хүмүүс итгэл алдарч болохгүй. Байгалийн шалгарлаараа нийгэм өөрөө цэвэрлэгдэнэ.

Өнөө цагт цахим орчин тэр дундаа фэйсбүүкээр хүмүүс хувийн амьдралаа их зарлах болсон. Эхнэр нь эр нөхрийнхөө сүүлэрснийг бичиж сүүлэрсэн эмэгтэйнх нь зургийг нь тавьж харааж доромжилж нэг талаараа гомдлоо гаргаж байгаа мэт. Та тэр зургийг нь тавьж хараах эхнэрт, сүүлэрсэн гэх нэр зүүх тэр эмэгтэйд юу гэж хэлэх вэ?

Тэр 2 хүүхэн болон нөхөр нь яг таарчихсан нэг төвшний сэтгэхүйтэй хүмүүс байна. Ярьж байгаа сэдэв хийж байгаа үйлдэл нь их өрөвдөлтэй юм. Хүн лав тэгж амьдрахгүй шүү дээ. Амьтан адгуус шиг л авирлаж байна гэж хэлнэ.

Гэр бүлийн нууц нандин хайрын харилцаан дээр гарсан  сэв нийтийн дунд задлагдсанаараа шийдэгддэг асуудал биш. Нийгмийг улам л муу муухай руу татдаг. Хайр сэтгэлтэй холбоотой асуудлыг хүн өөрөө нарийн шивнээ аргаар шийдэх ёстой. Цаашаа гэр бүлээ хадгалж үлдье гэсэн хүсэлтэй ухаантай хүн өөрийгөө хэзээ ч тэгж шившигт дэлгэдэггүй. Өөрийгөө сул дорой харагдуулж нөхрөө хүнд булаалгачихсан гэж олон түмэнд зарладаггүй. Ухаалаг ухаантай байдаг.

Нэгэнт 2 тийшээ болчихсон үр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа ганц бие аав/ээж үр хүүхдийнхээ сэтгэл зүйд хэрхэн анхаарах ёстой вэ? Аав ээж хоёрын аль нэг нь байхгүй өснө гэдэг хэцүү асуудал шүү дээ.

Нийгэмд дагавар хүүхэдтэй дахин гэр бүлээ зохиосон маш их хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг байхгүй мэтээр ярьж цэцэрхэх нь зохимжгүй болов уу. Ганц бие ээж аавууд үр хүүхдэдээ үүслийг нь муу муухайгаар ярихгүй байх ёстой. Байхгүй байгаа ээж эсвэл аавыг нь муулахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Хэн нь салсан хүнээ муулахгүй хүүхдээ сайн өсгөж чадах уу тэр хүн нь хүүхдээ өсгөөсэй гэж би боддог. Жоохон л муугаар хэлэхэд тэр хүүхэд буруу замаар замнадаг юм аа. Эцэг нь эх шигээ адгийн гэж хараах, эх нь эцэг шигээ тэнэг мулгуу гэж хэлэх нь тэр хүүхдийн ирээдүйг хэлсэн хараасан үгээрээ замнаж байдаг. Үр хүүхдэдээ дандаа сайн сайхан байснаа ярих хэрэгтэй. Салах шалтгаанаа ч салаа замын эрхээр бүтээгүй гэж тайлбарлах хэрэгтэй. Аав/ ээж нь ямар сайхан хүн байсныг нь ярьж яаж хайрладаг байснаа хэлэх хэрэгтэй. Өөрийнхөө хийсэн сонголтыг үр хүүхдэдээ үгүйсгэнэ гэдэг байж болохгүй зүйл.

Гэр бүл салахыг би хамгийн том нүгэл гэж боддог. Үр хүүхэд өнчрөхийг хоёр дахь том нүгэл гэж боддог. Нүгэл үйлдсэн хүмүүс гэмших ёстой, даруухан байх ёстой. Тэр гэм зэмийг дахиж гаргахгүй байхын төлөө хичээх ёстой. Үр хүүхдээ маш их хайрлах ёстой. Дараагийн гэр бүлийн амьдралаа зохиохдоо алдаагаа давтахгүй ухаалаг хандах ёстой.  

Тэгэхээр гэр бүл болох гэж байгаа хүмүүс гэр бүл судлаач мэргэжлийн хүмүүст анхнаасаа хандаад харилцаагаа зөв байлгах тал дээр анхаарах ёстой юм байна.

Би 2006 оноос огт гэрлэж чадахгүй байгаа, гэрлээд салчихсан, хань нь хорвоогийн мөнх бусыг үзүүлчихсэн яахаа мэдэхгүй байгаа 3 төрлийн 10,000-аад ганц бие хүмүүст дахин гэр бүл болох, гэр бүлийг зөв шинжиж сонжиж гэр бүлийн харилцааг зөв суурин дээрээс эхлүүлэх сургалтыг явуулж байна. Хүн өөрийнхөө хувь заяаны эзэн байхын тулд өөрөө мэргэжлийн хүн дээр очиж ярилцъя гэдэг шийдвэр гаргасан тохиолдолд бүх хүмүүс өөрийнхөө хувь заяаг амар амгалан тайван байдлаар хөтөлж явах чиг луужингаа олж авдаг гэсэн үг. Энэ чиглэлийн мэргэжилтэн 27 жил суралцаад зөвхөн гэр бүлийн чиглэлээр ажилладаг, ном туурвидаг хүн байсаар байхад төр засаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь байхгүй гэж зарлаад байдаг. Монголд гэр бүлийн боловсрол байхгүй, гэр бүл төлөвлөлтийн ямар ч хичээл байхгүй, гэр бүлийн харилцааг судалдаг мэргэжилтэн байхгүй гэж яриад байдаг. Байсаар байхад тэгж зарлаад байгаа нийгэмд гэр бүлийн харилцаа тогтвортой байж чадахгүй шүү дээ.  Монголын түүхээс эхлээд олон зуун жилийн гэр бүлийн боловсрол амнаас ам дамжаад байсаар байтал яагаад байхгүй гэж яриад байгааг би гайхдаг. Салаагүй 60,70 жил амьдарч байгаа хүмүүс бүгд гэр бүлийн боловсролтой хүмүүс шүү дээ. Гэрлэж, гэр бүл болж байгаа хүмүүс байхгүй мэтээр яриад байхаар 10 жилийн дунд ангийн хүүхдүүд “Гэр бүл болж яах юм, хамгийн тэнэг хүн гэр бүл болдог” гэж яриад явж байна. Угтаа хамгийн аз жаргалтай харилцаа бол гэр бүлийн харилцаа шүү дээ. Төв аймгийн нэг сургуулийн бага ангийн хүүхдүүд дээр  анх очиж байхад ихэнх нь гэр бүлийн бүтэн харилцаанд өсөж байсан. 3 жилийн дараа дахиад очиход дийлэнх нь би 2 аав ээжтэй гэж хэлж байсан. Нийгэм яаж , яаж салж сарниж байгааг хүүхдүүд хэлээд өгдөг. Тийм болохоор хүн бүр дор бүрнээ хувь заяаныхаа эзэн байж өөрийнхөө сонгосон амьдралыг эцсээ хүртэл хамгаалж үнэнч байгаасай гэж хүсдэг. Эцэг эх үр хүүхдийнхээ өмнө гэр бүлээ хадгалж үлдэх үүрэгтэй шүү дээ. Гэр бүлийн амьдрал хүнээс зориг тэвчээр,их хүнд ачаа үүрэхийг шаарддаг. Гэр бүлийн аз жаргал зүйл хүнд тийм амархан олддоггүй юм. Цаг хугацааг элээж чин сэтгэл гаргаж байж өтөл насанд үр шимээ үр хүүхдээсээ хүртдэг харилцаа. 70,80,90 насан дээр үр шимээ хүртдэг болохоос 30,40 насанд хүртдэггүй. Манай залуучууд гэрлэчхээд шууд харилцаанаасаа үр дүн хүлээгээд байдаг. Тэр хүлээлт нь биеллээ олохгүй болохоор салах шийдвэр гаргаж байна. Үнэхээр байж боломгүй өрөвдөлтэй асуудал шүү.

Таны одоо хийж байгаа зорилтот ажлууд ямар ажлууд байна?

2007-2017 оны хооронд гэр бүлийг үндэсний хэмжээнд яаж чадваржуулах уу гэдэг дээр анхаарч ажиллаж байна.

Өөрөө яаж харагдах уу гэдэг дээр анхааралгүй хүний төлөө ажиллаж бусдын үгнээс айлгүй үнэнийг хэлж арга замыг зааж 500,000 гаруй хүнд 21 аймгаар 1-7 удаа явж лекц сургалт сайн дураараа зохион байгуулсан. Телевизээр ч олон удаа ярилцлага нэвтрүүлэг хийсэн. 2007 онд UBS телевизээр бүтэн жил “Эргэцүүлэл” нэвтрүүлэг гаргасан. 2010 онд TV-8 телевизээр бүтэн жил “Эргэцүүлэл” нэвтрүүлгээ давтаж ахисан шатны гэр бүлийн боловсролыг хүмүүст хүргэсэн. Одоо “Ард түмний зууч” нэвтрүүлгээр хүмүүст жил орд зурхайн тухай ярих явцдаа гэр бүлийн зөвлөгөөгөө дундуур нь хүргээд явж байна. Өөрөөр гэр бүлийн харилцааны талаар илүү хичээлүүдийг хүргэх боломж гарахгүй байна. 11 сар буюу одооноос эхлээд хүмүүсийг чимээгүй ажиглана гэж бодож байгаа. Хүмүүс гэр бүлийн асуудлаа шийдэх гэж мэргэжлийн хүнд хандах тэр хандлага бий болох болов уу гэж найдаж байна.

Ганц бие хүмүүс ирээд сургалтад суугаад сэтгэл зүйн зөвлөгөө аваад 2 сар тутамд нэгдсэн сургалтад ороод явдаг. Дундаасаа гэр бүл болдог хүмүүс ч бий. 2006 оноос явагдаж байгаа тэр сургалт одоо ч явагдаж байгаа. Гэр бүл нь салах хэмжээнд хүрчихсэн шүүхэд хандсан хосууд ирээд зөвлөгөө аваад эргээд нийлдэг олон тохиолдол байдаг. Мөн албан газруудаар лекц тавьж байгаа. Их ухаалаг, оюунлаг ААН-үүдийн дарга нар надаар ажилчиддаа лекц тавиулдаг гэж би боддог. Тэр дарга нар ажилчдаа гэр бүлийн харилцаа нь асуудалгүй байвал ажлын бүтээмж нь сайжирна гэдгийг мэдээд байна шүү дээ.

Гэр бүл салалтаас гадна гэр бүлээс гадуурх харилцаа нийгмийн тулгамдсан асуудал болоод байна.

Дандаа ажилтай, орлого сайтай хүмүүс гэр бүлээс гадуур завхайрлыг бий болгож байна. Жирийн энгийн сэтгэхүйтэй, амьдралын төлөө зүтгэх хүмүүс завхайрдаггүй. Улаанбаатарт оюутан болох нэрийдлээр олон охид 1,2-р курсдээ замаа алдаж байна.  Тэр охидыг завхайрал руу татдаг гэр бүлээс гадуур завхайрч байгаа эр хүйстэй мөнгөтэй хөгшин бурхинууд Монголын охид болон нийгмийг бузарлаж байна. Монголын нийгмийг гадаадууд бузарлаагүй. Гэр бүлийн нандин харилцааг дээдэлсэн үзэл байхгүй олсон хэдэн төгрөгөөрөө охидыг биеэ үнэлэхэд сургаж байгаа эрчүүд Монголыг устгаж байна.

Төрөөс төрийн тогтвортой хөгжил, төрийн албаны тогтвортой байдалд ихээхэн анхаарч ажилладаг хирнээ гэр бүлийн тогтвортой байдалд анхаарахгүй юм.

Хувь хүн тогтвортой сэтгэхүйтэй байж, яах гэж амьдарч байгаагаа ойлгосны дараа гэр бүлтэй болоод дор хаяж 15 жил гэр бүлийн тогтвортой харилцаатай явж байгаа хүмүүс төрд орох ёстой гэж боддог. Гэр бүл хүнийг олон зүйлд сургадаг. Тэр зүйлүүдийг сурч чадсан хүмүүс төрд ажиллаж хүний төлөө бодлого боловсруулж эрх мэдэл албан тушаал хаших ёстой. Гэрлэж үзээгүй, гэр бүлийн харилцаа ямар байдгийг мэдэх ч үгүй хүмүүс манай төрд зөндөө байдаг. Тийм хүмүүс төрийн ажлыг хийж түмний төлөө зүтгэж чадахгүй шүү дээ.

Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ багаас нь их буруу харьцдаг юм шиг санагддаг. өөртөө таалагдаагүй хүүхдийг тэр муу хүүхэд битгий нийл, тэр хүүхдүүдийн аав ээж муу хүн чи хүүхэдтэй нь битгий нийл гэх зэргээр бага наснаас нь ялгаварлан гадуурхахыг заагаад байдаг. Тэр хүүхдээсээ хол байлгах гээд хүүхэд ирээдүйд бэр/ хүргэн нь болоод ирэхийг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Энэ тал дээр та мэргэжлийн хүний үүднээс зөвлөгөө хэлээч.

Тэгж хүүхдэдээ зиндаархахыг заахын оронд тэр болохгүй гээд байгаа хүүхдэдээ хайрыг мэдрүүлчих л дээ. “Аав ээж нь хайрлаж чадаагүй хайраар дутагдаж байгаа хүүхэд байна. Би энэ хүүхдэд зөв бурууг ялгахад тусалъя” гэсэн сэтгэлээр яагаад хандаж болохгүй гэж. Таны хүүхэдтэй хайрлагдаж өсөөгүй харилцааны доголдолтой хүн гэрлэвэл ямар байх вэ? Тийм учраас миний чиний гэж ялгалгүй хайрлаж, зөв рүү чиглүүлэх ёстой. Хүн анхнаасаа муу муухай буруу төрдөггүй. Тэр буруу муу муухайг хүний эцэг эх л зааж өгдөг. Одоогийн нийгмийн энэ бугласан идээ бээр шиг хүмүүсийг одоогийн 50,60 настай ээж аав нар бэлдсэн. Тэд хүүхдэдээ зөв бурууг ялгаж салгаж зааж чадаагүй, хайраар өсгөж хүмүүжүүлж чадаагүйн л хор уршиг нийгэмд илэрч байна.

Чингис хааны ээж Өүлэн эх өнчин хүүхдүүдийг хайрлаж энэрч өсгөдөг байсан учраас хүү нь дэлхийг эзэлж чадсан. Бусдын хүүхдийг өөрийн хүүхэд шиг хайрласан тэр хайраас Монгол улс 13-р зуунд хүчирхэгжиж байсан. Одооны эцэг эхчүүд үр хүүхдээ материаллаг зүйлээр л дутаахгүй байвал болоо гэж боддог. Амьдралын үнэ цэнийг мэдрээгүй байхад нь, мөнгөний учрыг ойлгоогүй ажил хийж сураагүй байхад нь материаллаг зүйлсээр бялхааж болохгүй гэдгийг ойлгохгүй байна. Хатуу зөвийг үзүүлж хариуцлага гэдэг зүйлийг ойлгуулалгүй өсгөвөл эцэстээ тэр эцэг эх л зовно. Тийм учраас үр хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж бусдын хүүхдийг адилхан хайрлах нь маш чухал юм.

Танд маш их баярлалаа. Гэр бүлүүдийн төлөө хийж байгаа ажил бүхэн нь гэрэлтэй байхыг ерөөе. Таны ярианаас олон хүн ихийг ухаарна гэж найдаж байна.

Чамд ч гэсэн баярлалаа. Монголын бүх гэр бүл, үр хүүхэд аз жаргалтай байх болтугай.

Сэтгүүлч: Э.Анударь

Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд