М.Энхболдын эрх мэдлийн төлөөх “шунал” намаа хоёр ч удаа хагалан, бутаргаж чадлаа

2017-09-13 09:16   
Хуваалцах Жиргэх

Намбарын Энхбаяр 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо тухайн үеийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыг бус харин Хотын дарга байсан М.Энхболдыг намын даргаар тавьсан байдаг. Энэ үеэс л М.Энхболдын  эрх мэдлийн төлөөх хязгааргүй шунал хөдөлж эхэлсэн хэрэг.

Гэвч мань хүний эрх мэдлийн төлөөх шуналд энхрий хайрт нам нь хоёр удаа өртөж, хагаран бутарсан нь харамсалтай.

Эхнийх нь Н.Энхбаяр өөрийг нь тоолгүй М.Энхболдод намын даргын суудлыг өгсөнд өширхсөн С.Баярын нүүдэл байв. Тэрээр 2007 онд М.Энхболдыг намын даргын суудлаас унагаж, дараа нь Ерөнхий сайд хүртэл болоод авсан.  Энэ нь Н.Энхбаяр болон М.Энхболд нараас авч буй түүний хариу байлаа л даа. Удалгүй намын нэр солих нэрээр “хайрт ах дүүс” мөнхийн дайснууд болж хувирлаа. Тухайн үед МАН, МАХН хоорондоо бараг л дайтчих гээд байсныг сануулахад илүүц биз.

Дараа нь 2016 онд М.Энхболд дахин намын дарга болов. Гэвч удалгүй нам дотор дахиад л хагарал, талцал үүслээ. Уг нь намын дарга хүн намынхаа эв нэгдэл, бат бөх байдлыг хангаж, ажиллах ёстой баймаар. Гэтэл нам доторх хагарал, талцлын эхлэлийг М.Энхболд өөрөө тавьж, өөрөө гол дүр нь тоглож, өөрийн гараар үүсч буй үйл явцыг найруулж байна. Эндээс түүнийг нам, эх орон гэхээсээ өөрийн эрх мэдэлд шунасан хязгааргүй хүсэлдээ л захирагдсан нэгэн бололтой гэж дүгнээд байгаа юм.

Тэр УИХ дахь 65 бүлгээ удирдаад, Ерөнхий сайд болох боломжтой байсан. Гэвч тэр түүнээс илүүг хүсэв. Ингээд Ерөнхий сайдаар өөрийнхөө хүнийг томилж, өөрөө улсын тэргүүн болохоор зүтгэж явахдаа намаа хэдэн хэсэг буталж байснаа анзаарсан болов уу, яасан бол?

М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хамгийн муу нэр дэвшигч гэж нэрлэж байлаа. Гэвч тэр зүтгэсэн, улайрсан. Улмаар хоёр ч удаа өвдөг шороодож, Монголчууд М.Энхболдыг лав Ерөнхийлөгч болохгүй гэдгийг ухаарсан байх.

Гэвч тэр шунасаар л байна. “Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг үгийн утга л энд ойлгогдож байх шиг. Одоо МАН-ын залуус М.Энхболдын бодлого, шийдвэр буруу гэдгийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад дэмжээгүй ч гэсэн нам дотор өрнөж буй үйл явдал, нэг хүний хэмжээлшгүй эрх мэдлийг эсэргүүцэж, У.Хүрэлсүхийн  талд буюу намын даргын эсрэг нэгдээд эхэллээ.

90 гаруй жилийн түүхтэй энхрий хайрт намаа хоёр ч удаа хагалан бутаргахад гар бие оролцож, ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа түүний эсрэг нэгдэхээс ч яах билээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх