NBA-д тоглож байсан хамгийн өндөр тамирчид

2017-08-12 07:19   
Хуваалцах Жиргэх

NBA-д тоглож байсан хамгийн өндөр арван сагсан бөмбөгчинг танилцуулж байна. Эдгээрийн найм нь АНУ-ын бус тамирчид байгаа нь сонирхолтой аж. Харин одоо тоглож буй тамирчдаас Сербын Б.Марянович, Кабо Верде улсын У.Таварес, Латвийн К.Порзингс нар хамгийн өндөр нь юм.


Румын улсын Г.Мурешан

1993 оны драфтын хоёрдугаар бүсийн 30 дахь сонголтоор тухайн үеийн “Вашингтон Баллетс” багт ирж байсан Г.Мурешан 2 метр 31 см өндөр, 147 кг жинтэй байсан. NBA-д 1993-2000 оны хооронд тоглосон юм.

Өмнөд Суданы Мануте Бол

1985 оны драфтын хоёрдугаар бүсийн 31 дэх сонголтоор тухайн үеийн “Вашингтон Баллетс” багт элсэж, 10 жил далайн чанадын мэргэжлийн лигт тоглосон. М.Бол 2 метр 31 см өндөр, 91 кг жинтэй. 1986, 1989 оны улирлын блок-шоттын лидер тоглогч болж байв.

Герман-АНУ-ын Ш.Брэдли

Баруун Германд төрж, хожимоо АНУ-ын иргэн болсон Ш.Брэдли 2 метр 29 см өндөр, 125 кг жинтэй байлаа. 1993 оны драфтын эхний бүсийн хоёр дахь сонголтоор “Филадельфи 76” багт ирснээсээ хойш “Нью Жерси Нэтс”, “Даллас Маверикс”-т тоглож байгаад 2005 онд зодог тайлсан.

БНХАУ-ын Я.Мин

Өндөр тоглогчдоос хамгийн олон удаа Бүх оддын тоглолтонд сонгогдсон Я.Мин 2002 оны драфтыг тэргүүлэн “Хьюстон Рокетс” багт ирж байлаа. “Пуужингууд”-ын төлөө есөн жил тоглоод зодог тайлсан Я.Мин 2 метр 29 см өндөр байсан билээ. Тэрээр найман удаа Бүх оддын тоглолтын гишүүн, бүх NBA-ийн билэгдлийн хоёр, гуравдугаар багт нийт таван удаа нэрлэгдсэн юм.

Канадын С.Буллар

“Сакраменто Кинз” багт хагас улирал тоглосон “үлэмж” биет Сим Буллар 2 метр 26 см өндөр, 160 кг жинтэй байлаа. Өдгөө Тайваний “Dacin Tigers” багт тоглож буй С.Буллар Канадын шигшээ багийн хамтаар 2015 оны “Пан Америк”-ийн аварга шалгаруулах тэмцэнээс мөнгөн медаль хүртжээ.

АНУ-ын Ч.Невитт

Ахмад тоглогч Чак ид үедээ 2 метр 26 см өндөр, 98 кг жинтэй байсан гэнэ. Тэрээр “Хьюстон Рокетс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Детройт Пистонс”, “Чикаго Буллз”, “Сан Антонио Сперс” багуудад тоглож байсан. Мөн 1985 онд “Лос Анжелес Лэйкерс”-ийн хамтаар NBA-ийн аварга болжээ.

ОХУ-ын П.Подкользин

Манай хойд хөршийн тамирчин Павел Подкользин 2 метр 26 см өндөр, 138 кг жинтэй юм. 2004 оны драфтын эхний бүсийн 21 дэх сонголтоор “Юта Жазз”-д ирсэн ч тэр зундаа солилцоо наймаанд хамрагдан “Даллас Маверикс”-т тоглосон. Хоёр жил NBA-д хүчин зүтгээд түүнээс хойш ОХУ-ынхаа лигт тоглож байна.

Монтенегро улсын С.Вранеш

Хуучнаар Югослав, одоогийн Монтенегро улсын С.Вранеш 2 метр 29 см өндөр, 135 кг жинтэй. 2003 оны драфтын хоёрдугаар бүсийн 39 дэх сонголтоор “Нью Йорк Никс”-т хуваарилагдсан ч “Портлэнд Блэзерс”-т хагас улирал тоглосон аж. Энэ нь түүний NBA-д өнгөрүүлсэн ахархан богино хугацаа нь байлаа.

АНУ-ын М.Итон

Марк 1982 онд NBA-д элсэн орсон. Есөн жил “Юта Жазз” багийн төлөө тоглосон тэрээр 2 метр 24 см өндөр, 132 кг жинтэй байлаа. 1989 оны Бүх оддын тоглолтын гишүүн, 1985, 1989 оны улирлын шилдэг хамгаалан тоглогч, дөрвөн улирлын блок-шоттын лидер, бүх NBA-ийн хамгаалалтын нэг, хоёрдугаар багт таван удаа нэрлэгдсэн түүний 53 дугаарыг нь “Юта Жазз” баг ордондоо мөнхжүүлсэн билээ.

Голландын Р.Смитс

Европын бас нэгэн “үлэмж биетэн” Рик Смитс 2 метр 24 см өндөр, 113 кг жинтэй байлаа. 1988 оны драфтын эхний бүсийн хоёр дахь сонголтоор “Индиана Пэйкерс”-т ирсэн тэрээр зөвхөн “Жороо морьд”-ын төлөө 12 жил тоглоод зодог тайлсан. Энэ хугацаанд 1998 оны Бүх оддын тоглолтонд сонгогдож байлаа.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх