Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар тангарагаа өргөлөө

2017-08-10 07:59   
Хуваалцах Жиргэх

Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч тангараг өргөлөө. Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь  нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тэд  амлалаа.

Тус ёслолын арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцсон юм. Шинэ, залуу эмч нарыг тангараг өргөсний дараа тус төвийн шилдэг эмч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг болон “Wenger” брэндийн гарын бэлгийг гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын санаачилгаар тус төвийн Сонгинохайрхан салбарын гуравдугаар ээлжийн их эмч Б.Түмэнбаярыг “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр өнгөрөгч долдугаар сард Баянхошууны замд 40 тонны контейнерт даруулан осолд өртсөн нэг гэр бүлийн таван хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, амь насыг нь аварч чадсан билээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь өдгөө 410 ажилтантай бөгөөд тэдгээрээс 167 нь их эмч, 120 нь жолооч юм байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өдөрт 46 машин гаргадаг бөгөөд 167 эмч хоёр ээлжээр ажилладаг ажээ. Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч долдугаар сарын байдлаар, 184.700 хүнд үйлчилснээс 80 хувьд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 20 минутын дотор хүргэсэн бахархам амжилт гаргажээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх