С.Батцэцэг: Аав маань бурхны орноос хараад маш их баярлаж байгаа байх

2017-08-02 08:30   
Хуваалцах Жиргэх

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин С.Батцэцэг өнөөдөр хөдөлмөрийн баатар цол, сүхбаатрын алтан таван хошуу тэмдэгээ гардан авлаа.

Шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээсэн, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон, олон амжилтын эзэн болсон тамирчин” гэдгийг тодотголоо. 

Ерөнхийлөгч энэ зарлигаа өнгөрсөн даваа гаригт гаргасан бөгөөд түүнийг гадаадад эмчлүүлж байгаад өнөөдөр эх орондоо ирэхэд нь олгож байгаа юм. 

Бид түүнтэй уулзаж баярын сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө танд мянга мянган уншигчдийнхаа өмнөөс халуун баяр хүргэе. Энэ сайхан эрхэм хүндтэй цолын эзэн болсон сэтгэгдлээсээ хуваацахгүй юу? 

-Баярлалаа. Миний хувьд маш их баяртай байна. Үргэлж дэргэд минь байж тусалж дэмждэг бүх хүмүүстэй болон хайртай багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.  Мөн Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар “Хилчин” спорт хороо, 208 дугаар ангийн хамт олондоо, Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, байнга дэмжиж ирсэн компаниуддаа талархлаа илэрхийлье.

-Хөдөлмөрийн баатар цол олгох тухай зарлигийг хэнээс анх сонссон бэ? 

-Европт эмчилгээтэй байхдаа утсаа нээгээд хартал маш их дуудлага ирсэн байсан. Мессеж ирэхэд Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгох боллоо. Яаралтай ирэх хэрэгтэй байна” гэсэн байсан.

-Энэ тухай мэдээг сонсоод та яаж хүлээж авсан бэ?

-Мэдээж маш их баярласан. Хамгийн түрүүнд аавыгаа бодсон. Миний аав маш сайн хүн, ховор хүн. Аав маань бурхны орноос намайг хараад маш их баярлаж байгаа байх даа гэж бодсон.

-Та энэ оны эхэнд шигшээ багт орохгүй гэж мэдэгдсэн? 

-Шалтгааныг нь тодорхой хэлсэн. Би анх 2009 онд шигшээ багт орж байсан. Цалингаа бэлтгэлдээ зориулаад маш их урам, гоё мэдрэмж авч байсан. Тэр мэдрэмжийг өөр нэг залуу тамирчин мэдэрч амжилт гаргаж, энэ спортын хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүссэн. Одоо бол албан бусаар шигшээ багт байдаг.

-Таны ойрын зорилго юу вэ? 

-Ойрын зорилго бол 2018 оны тэмцээнд маш их бэлтгэх. 2019 оноос олимпын эрхийн төлөөх тэмцээн эхэлнэ. 2020 оны олимпод оролцохыг зорьж байгаа. Тэгэхийн тулд маш их бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Тиймээс би тэр болгондоо биеэ бэлдэж байна. Багийнхан маань одоо Дэлхийн аваргын бэлтгэлд гарсан байгаа. Хархоринд бэлтгэлээ хангаж байна. Би эмчилгээтэй байгаа учраас бэлтгэлд гараагүй байна. 

-Ерөнхийлөгчтэй уулзлаа. Танд захиас хэлэв үү, юу ярив? 

-Спортын талаар ярилцсан. 2020 оны олимпт оролцох уу, цаашдаа барилдах уу гэдгийг асуусан. Барилдана , 2020 оны олимпт оролцоно гэдгээ хэлсэн.

Чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгийн гаргасан амжилтууд: 

  • 2009- Манила. Ази тивийн залуучуудын аварга- АЛТ
  • 2010- МОСКВА. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга- АЛТ
  • 2012- ЛОНДОН зуны олимп- ХҮРЭЛ 
  • 2013- Казань. Дэлхийн оюутан залуусын УНИВЕРСИАД наадам-АЛТ
  • 2013- Будапешт. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- МӨНГӨ
  • 2015- Ласвегас. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- АЛТ 
  • 2017- Дели. Ази тивийн аварга- АЛТ

Өмнө нь Олимп, дэлхийн аваргын медаль хүртсэн болон аль нэгэнд нь түрүүлж байсан хөдөлмөрийн баатруудыг дурдвал 1972 оны Мюнхены зуны Олимпийн мөнгө, чөлөөт бөхийн дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медаль Х.Баянмөнх, 1976 оны Монрелийн зуны Олмпийн мөнгө, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой алт, 1 хүрэл медальт З.Ойдов, Афины зуны Олимпийн наадмын хүрэл, жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар, 2008 оны Бээжингийн зуны Олимпийн алт, 2012 оны Лондонгийн зуны Олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаярыг нэрлэж болно.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх