2026 оны дэлхийн аваргад 48 баг оролцож магадгүй

2017-06-19 06:46   
Хуваалцах Жиргэх

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог. 2014 онд Бразил улсад болсон бол 2018 онд ОХУ-д зохиогдоно. Харин 2022 оны эрхийг Катарт өгсөн нь багагүй хэл ам дагуулаад байгаа.

Катарын эрх баригчид ФИФА-д (Олон улсын хөлбөмбөгийн холбоо) хахууль өгсөн, Азийн хөлбөмбөгийн холбооны удирдах албаны хүмүүс авлигад идэгдсэн зэрэг нь шүүмжлэлд оруулсан. Мөн тус улс нь терроризмыг дэмжсэн мэдэгдэл хийсэн учир арабын ертөнцийн долоон орон дипломат харилцаагаа таслахад хүрээд байна.

Тэгвэл 2026 онд зохион байгуулах хүсэлтээ ФИФА-д Төв болон Хойд Америкийн бүсээс АНУ, Канад, Мексик, Өмнөд Америкийн бүсээс Колумб, Австрали, Далайн орнуудын бүсээс Австрали-Шинэ Зеланд хамтран, Африкийн бүсээс Марокко, Европын бүсээс Англи, Казахстан бие дааж, Азербайжан-Турк хамтран зохион байгуулах мэдүүлгээ өгчээ.

Сонгон шалгаруулалтын эхний даваа 2016 оны тавдугаар сараас 2017 тавдугаар сар хүртэл үргэлжлэх бол хоёр дахь нь 2017 оны зургаадугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл явагдана. Дараа нь тунаж үлдсэн нэр дэвшигчид 2019 оны нэгдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэл өрсөлдөж, эцсийн шалгаруулалт 2020 оны тавдугаар сард болно.

Сонирхуулахад 2026 оны дэлхийн аваргад 48 улсын үндэсний шигшээ баг өрсөлдөх төлөвтэй байна. Өмнө нь дэлхийн аваргад 1930 онд 13, 1934-1978 оны хооронд 16, 1982-1990 оны хооронд 24, 1998 оноос хойш одоог хүртэл 32 улсын шигшээ оролцож байгаа юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх