Унаганы чих тас атгасан хүү хожим нь улсын дархан аварга болжээ

2017-06-18 03:29   
Хуваалцах Жиргэх

Удахгүй наадам болно. Монгол түмэн хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан хамгийн их анхаарал татдаг. Эзэн богд Чингис хааны үеэс төрийн наадмаа зохиож байсан гэж үзэхэд олон зуун жил дамжин Монгол бөхийн түүх уламжлан иржээ. Харин орчин үед буюу 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш төрөн гарсан аваргуудын тухай цувралаар уншигч танд хүргэж байна.

Төрийн их баяр наадамдаа түрүүлж, аварга цол хүртэнэ гэдэг ховорхон заяа. 1921 оноос хойш 22 аварга цолтон төрсөн нь бас л тооны хувьд билэгдэлтэй билээ. Эдгээрээс 42 насандаа улсын дархан аварга цол хүртсэн ганцхан бөх байдаг.

Тэр бөхийн нэр хэн бэ? Төрөлх битгий хэл тэлсэн аймгийн наадамд уригддаг улсын дархан аваргын тухай бөх судлаач, ахмад сэтгүүлч Ш.Мягмар гуай товч түүх дурссан байдаг. Юуны өмнө тэр дурсамжийг танд хүргэе.

1921 онд ардын хувьсгал ялснаас хойш хуучин засгийн хуваарь өөрчлөгдөж, одоогийн аймаг, сумын захиргааны хэлбэрт шилжсэн. Гадны дарга нар аймаг хөгжүүлэхэд төдийлөн анзаарахгүй, 20 жилийн ойн тухай ганц үг ганхийсэнгүй гэсэн сул яриа хэн нэг даргын чих дэлджээ. Овоо дуулгавартай дарга таарсан уу намын хороо, захиргааны хуралд асуудал оруулжээ.

Хугацаа алдсан ч хоёр жилийн дараа тэмдэглэхээр томоохон 20 ажил өрнүүлэхээр тогтов. Дархан аварга Ш.Батсуурь, улсын заан У.Пүрэв нарын сум Завхан аймгаас тасарсан шинэ сумууд учир нэр алдартай хүмүүс хуучин аймгаар нэрлүүлж буйг болиулж, урилга илгээх тухай хөндсөн аж.

Зүүний магнайд босох дархан аварга Ш.Батсуурийн цолыг зохиож, би өөрөө цолыг дуудая гэж Аймгийн хэлтсийн дарга үүрэг авчээ. Энэ ч бас шинэ зүйл. Гэтэл гурвын даваанд цолоо дуудуулах аварга Завхан аймгийнх гэж цоллоорой гэж дарга нар, бөхийн комиссынхныг “сандраав”.

Асуудлыг хурцатгахгүйн тулд нэрт бөх цоллооч н.Аварзад би нэг арга бодъё гэж тайвшруулаад, яг цол дуудахдаа Говь-Алтай хэмээн дуудсан билээ.

Үүний дараа бүр хожим аймгийн 40 жилийн ойгоор урина гэсэн болвч таг чиг болсон Завханы дарга нарт “Би бол төрөлх битгий хэл, тэлсэн аймагт уригддаг улсын дархан аварга бөх” гэдгийг ойлгуулахыг зорьсон. Түүнээс биш Алтайгаас нүүр буруулсан хэрэг огт биш гэж залруулга хийсэн гэдэг.

Энэхүү дурсамжийг олон жилийн дараа нийтэд хүргэж буй зорилго нь өнөөдөр ч дархан аварга Ш.Батсуурийг Говь-Алтайн Жаргалан, Завханы Жаргалангийн харьяат хэмээн маргалддаг аж.

Улсдаа нэртэй дархан аварга явсан Шаравын Батсуурь 1922 онд хуучнаар Засагт хан аймгийн Тайширын нуруу, одоогийн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт төржээ. Багадаа зэл ээрэн гүйгээд байсан унага хажуугаар нь дайрч өнгөрөхөд чихийг нь тас атган үлдэв. Үүнийг харсан аав нь өнгөн дээрээ ширүүлэн загнасан боловч дотроо “Өвөөгийнхөө шийрийг хатааж бөх болох нь” гэж битүүхэн баярласан гэдэг.

Хоёр гартаа дөчийн бидтонтой наян литр ус бариад явж байхдаа жирийн бидний 2 тавын бидтон бариад явж байгаа юм шиг алхдаг байсан гэж харсан хүн нь толгой сэгсрэн ярьж байжээ. Ер нь хүн өөрийн хэмжээнээс хэтэрсэн бүгдийг тийн гайхширдаг нь ухаант хүний жам ёс мэт.

Улсын наадамд хоёр дараалан түрүүлсний дараа бууж өгсөн хэмээн олон жил хэлмэгдсэн алдарт дархан аварга маань дор хаяж таван удаа наадмын манлай бөхөөр тодрох байсан биз. Энэ тухай бас нэгэн дурсамж дэлгэхэд Ш.Батсуурийг унангуут наадмын дэвжээний олон том гэрэл гэнэт унтарч, маршал тэргүүтэй дарга нар баярын хаалтыг хийлгүй босоод явчихаж. Маргааш нь шөвгийн дөрвөн бөхийг Намын төв хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав өрөөндөө дуудан уулзаад дөрөвт үлдсэн бөхийн бай гардуулахдаа учир явдлыг сонслоо.

Ш.Батсуурь аварга “П.Аюуш би Ө.Чүлтэмсүрэнд (хоёул улсын арслан) голцуу унадаг, харж үзээрэй гэсэн болохоор Ж.Цэвээнравданг (улсын аварга) амласан” гэж хэлжээ. Гэтэл Ч.Сүрэнжав дарга тийм ч таатай хүлээж авалгүй “Жил дараалан наймын даваанд нэг хүнийг амлан авч хаядаг нь ёс суртахууны доголдолтой …” гэж шахаад өнгөрсөн гэж билээ.

Төрийн наадмын дэвжээнд нөхөртөө итгэн хайхрамжгүй барилдсан буруутай ч зах хязгаарт нутаг зааж суулгасан нь хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр. Харин баруун аймгуудын наадамд түрүүлж, үзүүрлэж чадахгүй бол барилдах эрхийг чинь хасна гэж тушаал буулгасан хүний далд ухааныг хожим биширдэг нь хүн алдаагаа тэр дор нь ухаж ойлгодоггүй гэм аж. Дархан аварга Ш.Батсуурь аймгуудын наадамд хамгийн олон түрүүлсэн онцлогтой гэдгийг хэлэх нь зүйтэй.

Тэрээр улсын их баяр наадмын бөхийн барилдаанд 1947, 1948 онд Өвөрхангай аймгийн харьяат улсын арслан Г.Цоодолоор ес давж, хоёр жил дараалан түрүүлсэн. Мөн 1949 онд улсын арслан П.Аюушт, 1953 онд дархан аварга Б.Түвдэндоржид, 1957 онд дархан аварга Д.Дамдинд есийн даваанд унаж, гурван удаа үзүүрлэсэн.

Мөн 1951, 1952, 1954, 1958, 1959, 1961, 1962, 1963, 1964, 1966 онд арван удаа шөвгөрч удмын сайн бөх гэдгээ батлан харуулжээ. Голцуу гүйх, дунгуйлдах мэхийг хийдэг байсан Ш.Батсуурь өсөх идэр, бат хүчит, гарамгай хүчит, өсөн нэмэх, үнэн хүчит, оныг баясуулагч, харилтгүй хүчит, агуу хүчит, даяар дуурсах, далай даян, дархан аварга цол, чимэг хүртсэн улсдаа нэртэй дархан аварга байлаа.

Олон жил тогтмол өндөр түвшинд барилдсан хэмээн 1963 онд Ш.Батсуурьт хожим маршал болсон Ю.Цэдэнбал агсан өөрийн биеэр дархан аварга цолыг нь гардуулж хүндэтгэл үзүүлсэн нь түүхэнд үлджээ. Энэ бүгдээс үзэхэд Монгол бөхийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг харамгүй оруулсан улсын алдарт дархан аваргаа өдгөө бид мартах учиргүй.

Зургийн тайлбар: Урд эгнээнд зүүн гар талаас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, улсын аварга Ж.Цэвээнравдан, Булган аймгийн Хангал сумын харьяат, дархан аварга Б.Түвдэндорж, Архангай аймгийн Цахир сумын харьяат, даян аварга Н.Жамъян, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, дархан аварга Ш.Батсуурь, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат даян аварга Ц.Чимэд-Очир, арын эгнээнд зүүн гар талаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, дархан аварга Х.Баянмөнх, Булган аймгийн Сайхан сумын харьяат, даян аварга С.Цэрэн, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, дархан аварга Ж.Мөнхбат, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, дархан аварга Д.Дамдин нар.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх