“Тусгаарлалтаас олон хүн гарч байгаа нь эрсдэл дагуулж байна”

Өнөөдөр 455 иргэн тусгаарлалтаас гарч байгааг Улсын онцгой комиссын шуурхай штабын мэдээллийн үеэр хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв. Тэрээр “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарласнаас 0-5 насны ес, 6-17 насны 13 хүүхэд, Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарласнаас 6-17 насны нэг  хүүхэд байна. Мөн Жаргалант сувилалд хоёр  иргэн Тоёоко инн зочид буудалд 188 нийт 273 иргэнийг тусгаарлаад байна.  Өнөөдрийн байдлаар нийт 2099 хүн тусгаарлах байранд байна. Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт  1410 иргэн гэртээ тусгаарлагдана. Тэдний гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлж  байгаа. Тусгаарлалтаас олон хүн гарч байгаа нь дахин нэг эрсдэлийг бий болгож байгааг анхаарна уу” гэв.

Мөн энэ үеэр ЦЕГ-ын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Одоогоор 1769 иргэн тусгаарлалтаас гарч, хаягаар хянагдаж байна. Тусгаарлалтаас гарсан иргэд хөл хорио, ариутгал халдваргүйжүүлэх талаар нэлээд мэдлэг, туршлагатай болсон учир бид нөөц хүч болгож ашиглахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, бусад иргэдийн аюулгүй байдлыг хангуулахын тулд зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар төлөвлөсөн” гэлээ.

Түүнчлэн холбогдох байгууллагуудаас гадуур иргэдийн хөл хөдөлгөөн их байгааг сануулж, хөл хорионы дэглэмийг сахихыг санууллаа. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын мэдээлэл, судалгаагаар СоVid19 дахин давтан тархах эрсдэлтэй байгаа учир иргэн бүр сахилга баттай байхыг анхааруулсан юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button